Тува улсын 8 иргэн коронавирусний халдвар авчээ
Өмнө нь “COVID-19” халдварын нэг ч тохиолдол бүртгэгдээгүй байсан Тува улсын 8 иргэнд коронавирусний халдвар шинээр илэрлээ гэж тус улсын тэргүүн Шолбан Кара-оол мэдэгджээ. Эдгээр 8 оршин суугч бүгд Туваг зорин ирсэн Красноярскийн хязгаарын оршин суугчаас халдвар авсан байна.
Красноярскийн хязгаарын оршин суугч эрэгтэй 3 дугаар сарын сүүлчээр хөл хорио тогтоогоод байсан Москва хотоос Красноярскт ирж, тэндээсээ Тува улсын Ырбан сууриныг зорьжээ. Тахал судлаачдын баг Красноярскийн оршин суугчтай ойр хавьталтай байсан 67 хүнээс шинжилгээ авахад 8 хүний шинжилгээний хариу эерэг гарсан байна. Халдвар авсан хүмүүсийн дунд насанд хүрсэн 4 хүн байсан бол үлдсэн нь 8 сараас 12 насны хүүхдүүд байжээ. Тэд бүгд вирус тээгчтэй хамт амьдарч байсан аж.
Одоогоор мэргэжилтнүүд вирус тээгчтэй ойр хавьталтай байсан 300 хүнийг олж тогтоогоод байгаа бөгөөд тэднээс шинжилгээ авсан байна.
"Бид Новосибирийн “Вектор” лабораториос баталгаатай хариу аваагүй байгаа хэдий ч эдгээр 8 тохиолдол нь Тувад илэрсэн анхны тохиолдлууд болж байна. Одоогоор халдвар авсан хүмүүст халдварын шинж тэмдэг илрээгүй” хэмээн Тува улсын Засгийн газрын хэвлэлийн алба мэдээлжээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.