ШУУРХАЙ: Баяндалай сумын Манганы хайгуулын хууль бус үйл ажиллагааг зогсоолоо
"Монгол Манганез натурал ресурс" ХХК-ийн Өмнөговь аймгийн Баяндалай суман дахь Хойд Аргалант нэртэй манганы уурхайн үйл ажиллагааг эсэргүүцсэн малчдын хүсэлтээр "Байгаль хамгаалах говийн иргэдийн санаачилга" ТББ, "Эрс шинэчлэл хөдөлгөөн" ТББ хоёр дахь удаагаа тус суманд ажиллаж байна.
Энэхүү манганы уурхайн хууль бус үйл ажиллагааг таслан зогсоох, улмаар сүйдсэн газар нутгийг нөхөн сэргээлгэхээр гаргасан иргэдийн хүсэлт, иргэний нийгмийн байгууллагуудын шаардлагын дагуу сумын удирдлагууд, холбогдох мэргэжилтнүүд, малчид, уурхайн төлөөллүүдтэй өнөөдөр буюу 2020 оны дөрөвдүгээр сарын 13-ны өглөөний 10:00 цагт сумын Засаг дарга Л.Батбаатарын өрөөнд хамтарсан уулзалтыг зохион байгууллаа.
Уулзалтын үеэр уурхайн төлөөлөл хайгуулын үйл ажиллагаагаа зогсоож буйгаа мэдэгдээд, харин Х.Мандахбаяраас шүүхээр хохирол нэхэмжилнэ гэв.
Орон нутгийн сэтгүүлчид хариуцлагагүй уул уурхайн эсрэг нэгдэн зогсож, хамтдаа тэмцэж байгаад талархаж байна. Тухайлбал энэхүү манганы уурхайн үйл ажиллагаа зогсоход 2019 оны аравдугаар сарын 20-нд тус суманд болсон “Байгаль эх, хариуцлагатай уул уурхай” хэлэлцүүлгийн үеэр газрын ховор элемент манганы уурхайг эсэргүүцэж, иргэд үгээ хэлж, ТВ8 телевизээр олон нийтэд ил болгож байсан юм.
Улмаар эх нутгаа хамгаалах, уул уурхайг хариуцлагатай болгох үйлсийн төлөө орон нутгийн Алтанговь ТВ-ийн сэтгүүлч Ч.Сумьяа, сэтгүүлч Ц.Гандэлгэр нар 2020 оны 4-р сарын эхээр энэхүү уурхайн үйл ажиллагааг эрс эсэргүүцсэн нэвтрүүлэг бэлтгэж, олон нийтэд хүргэлээ.
Тэгвэл ийнхүү энэ өдөр малчдын дуудлагаар "Байгаль хамгаалах говийн иргэдийн санаачилга" ТББ-ын тэргүүн Х.Мандахбаяр тэргүүтэй "Экологийн цаг" нэвтрүүлгийн баг, ИНБ-ын төлөөллүүд, малчин иргэдийн тэмцэл, сумын шийдвэр хүч хавсран тэмцэж, далай нутаг уул уурхайгүй сум хэвээрээ үлдэж, онгон дагшин байгаль дэлхийдээ малчин ард амгалан тайван амьдрах таатай шийдвэрийг тэд сонслоо. Даян дэлхий эко байж, Далай нутаг бүтэн байг.
Эх сурвалж: melmii.mn видео сайт
Өмнөговь аймгийн Баяндалай суманд 2019.10.20-нд зохион байгуулсан “Байгаль эх, хариуцлагатай уул уурхай” хэлэлцүүлгийн үеэр газрын ховор элемент манганы уурхайг эсэргүүцэж иргэд үгээ хэлж, олон нийтэд ил болгож байв. Үүнийг сануулж, давтан хүргэе.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.