ХӨСҮТ: Халдвартай иргэнтэй ойр байсан 149 хүний шинжилгээний хариу маргааш гарна

ХӨСҮТ: Халдвартай иргэнтэй ойр байсан 149 хүний шинжилгээний хариу маргааш гарна

ОХУ-аас өчигдөр ирсэн нэг иргэнээс лабораторийн шинжилгээгээр шинэ төрлийн коронавирус илэрсэн. Тухайн иргэнтэй хамт Улаанбаатарт ирсэн 149 хүний шижилгээний хариу маргааш гарах аж. Энэ талаар ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа дараах асуултад хариулт өгөв. 


-ОХУ-аас ирсэн иргэдийг хаана тусгаарласан бэ?

-ОХУ-аас өчигдөр 282 хүн ирснээс 111 иргэнийг Дархан-Уул аймагт тусгаарласан. Улаанбаатарт 169 хүн ирснээс 149 иргэнийг тус тусад нь гурван ажиглах байранд тусгаарлаж байна. Харин халдвартай байж болзошгүй 20 хүнийг ХӨСҮТ-д тусгаарлаж, шинжилгээ авахад нэг иргэний шинжилгээ эерэг гарсан. ОХУ-аас ирсэн иргэдийг нэг нэгээр нь тусгаарласан, ажиглалтад байгаа.

-Халдвар илэрсэн иргэнтэй хамт байсан хүмүүсээс шинжилгээ авсан уу?         

-Тухайн хүнтэй хамт Улаанбаатарт ирсэн 149 хүнээс шинжилгээ авсан. Шинжилгээний хариу маргааш гарна.  

-ОХУ-аас хоёр хүн халдвартай байсан учир ирээгүй гэсэн. Тэднийг авчрах уу?

-УОК-оос тухайн хоёр иргэнийг авчрах шийдвэр гаргавал ЭМЯ халдвар хамгааллын дэглэм сахиулж, зориулалтын амны хаалт зүүлгэж авчрах талаар мэргэжлийн зөвлөгөө өгч байгаа.

-Халдвар авсан иргэнийг хэрхэн тээвэрлэх талаар дүрэм, журам байдаг уу?

-Коронавируст халдвартай хүнийг эрүүл хүмүүстэй хамт тээвэрлэн авч ирэх нь халдвар хамгааллын дэглэмийг зөрчих учир Олон улсын эрүүл мэндийн дүрэмд заасны дагуу халдвартай, халдваргүй хүмүүсийг хамт тээвэрлэхийг хориглодог. Тиймээс ямар улсад хаана халдвар авснаас үл хамааран тухайн улсдаа эмчлүүлсний дараа зөөвөрлөдөг. Тухайлбал, Япон улсын Ёокохама боомтод буудалласан “Diamond princess” хөлөг онгоц дээр 50 гаруй улсын иргэн байсан. Тэдгээр хүмүүсийг Япон улсын эмнэлэгт эмчлэн халдваргүй болсны дараа тээвэрлэсэн гэдгийг онцолмоор байна.

-Франц иргэний биеийн байдал ямар байна вэ?

-Франц иргэний биеийн байдал сайн байгаа. Бусад орны жишгээр таван төрлийн шинжилгээгээр тухайн хүнээс коронавирус илрээгүй тохиолдолд эмнэлгээс гаргана.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.