ШЕЗ-ийн гишүүнийг дөрвөн жилийн хугацаатай, зөвхөн нэг удаа ажиллуулна

ШЕЗ-ийн гишүүнийг дөрвөн жилийн хугацаатай, зөвхөн нэг удаа ажиллуулна

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Шүүхийн тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцүүлгийг хийж, дэмжлээ.

Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэн Засгийн газраас уг төслийг боловсруулсан байна. Хуулийн төсөлд Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдийг сонгох, нэр дэвшүүлэн томилох журам, зохион байгуулалт, үйл ажиллагааны журам, бүрэлдэхүүнд тавих шаардлагыг тодорхой болгох зохицуулалт тусгасан байна. Түүнчлэн Шүүхийн сахилгын хороо, түүний бүрэн эрх, зохион байгуулалт, үйл ажиллагааны журам, бүрэлдэхүүнд тавих шаардлага, томилох журмыг тодорхой тусгажээ. Анхан болон давж заалдах шатны шүүхийг тойргийн зарчмаар байгуулж болох зохицуулалтыг төсөлд тусгасны зэрэгцээ шүүгчид хүлээлгэх хариуцлага, сахилгын хэрэг хянан шийдвэрлэх процесс, шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх үндэслэлтэй холбоотой өөрчлөлтийг мөн тусгасан гэдгийг ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж танилцуулав.

Хуулийн төслийн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн О.Батнасан, Ш.Раднаасэд, Ж.Батзандан нар асуулт асуув. Гишүүд Шүүхийн ерөнхий зөвлөлийн 10 гишүүнийг сонгох, нэр дэвшүүлэх журмын талаар тодрууллаа. Шүүхийн ерөнхий зөвлөлийн бүрэлдэхүүнд шүүхээс сонгох таван гишүүдийг Шүүгчдийн зөвлөлөөс нууцаар санал хураан сонгох юм. Түүнчлэн УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос гурвыг, Ерөнхийлөгч болон хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн буюу ХЗДХ-ийн сайд тус бүр нэг хүнийг нээлттэйгээр зохих журмын дагуу сонгон шалгаруулж, нэр дэвшүүлж томилохоор төсөлд тусгасан гэдгийг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн ажлын албаны зөвлөх О.Зандраа тайлбарлав.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргыг орон тооны гишүүдээс нууц санал хураалтаар гишүүд дотроосоо сонгох, зөвлөлийн гишүүдийг дөрвөн жилийн хугацаатай зөвхөн нэг удаа ажиллуулах, гишүүн нь шүүгчээр таваас доошгүй жил ажилласан туршлагатай, сахилгын шийтгэлгүй байх, хууль зүйн өндөр мэргэшилтэй, эрх зүйч мэргэжлээрээ арваас доошгүй жил ажилласан, улс төрийн намын удирдах албан тушаал сүүлийн 5 жил хашиж байгаагүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй Монгол Улсын иргэн байх юм.

Ийнхүү санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 60 хувь хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж, санал дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов. Хуулийн төслийг энэ долоо хоногийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхээр товлоод байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.