Б.Болдсайхан: Өвөл ханиад нь хүндэрсэн бол шинжилгээ өгөх хэрэгтэй

Б.Болдсайхан: Өвөл ханиад нь хүндэрсэн бол шинжилгээ өгөх хэрэгтэй

"Улаанбаатар Сонгдо" эмнэлгийн Ерөнхий захирал Б.Болдсайхан тус эмнэлгийн өвчтөнүүдээс коронавирусний шинжилгээ авч, түргэвчилсэн шинжилгээний хариу эерэг гарсантай холбогдуулан цаг үеийн мэдээлэл хийлээ. Хэдийгээр түргэвчилсэн оношлуурын хариу эерэг гарсан ч өнгөрсөн шөнө лабораторийн нарийвчилсан шинжилгээгээр тус эмнэлэгт эмчлүүлж байсан хоёр өвчтөн коронавирусний халдвар аваагүй болох нь тогтоогдсон сайн мэдээг Эрүүл мэндийн яамнаас мэдээлсэн билээ.


Б.БОЛДСАЙХАН

-Өчигдөр түргэвчилсэн оношлуураар эерэг хариу гарч, олон нийтийг цочролд оруулсан бол уучлалт хүсье. Манай эмнэлэгт эмчлүүлж байсан 88 настай, хавдрын IV зэрэгтэй, химийн эмчилгээ 6-7 удаа хийлгэсэн өвчтөн маань гурав дахь удаагаа хэвтэн эмчлүүлж байгаа, дархлаа нь их дарангуйлагдсан өвчтөн. Хүүхэд нь ОХУ-д явж байгаад ирсэн гэх түүхтэй. Дээрээс уушги нь хүнд байгаа тул сэжиглэх зайлшгүй тохиолдол.

Мөн оношлуураар эерэг хариутай гарсан нөгөө өвчтөний тухайд ижил оноштой.  Арай залуу ч гэлээ уушгины хүнд хэлбэрээр дахин өвдөөд эдгэрэхгүй байгаа тул коронавирус байгаа эсэхийг шалгах ч ёстой.  

"Сонгдо" эмнэлэг өөрийнхөө эмнэлгийн ажилтнууд болон өвчтөнүүдээ хамгаалах хэрэгслээр бүрэн ханган ажиллаж байгаа. Коронавирусийн халдвар авснаас 2-3 долоо хоногийн хугацаанд хүний дархлааны системд тэр вирусийн эсрэг тэмцдэг тусгай уургууд бий болдог. Уг оношлуур нь тэр хүний биед халдвар орж, дархлааны системд нь эсрэг биетийг бий болгоод цусанд нь явж байна уу гэдгийг үздэг. Энэ дэлхий дээр 100 хувь оношилдог юм гэж хаана ч байхгүй.

Энэ оношлуур бол өвөрмөц оношлуур. Хятадад шинээр гарсан тестийг "МедИмпекс" компани оруулж ирсэн. Бид ЭМЯ-нд түүнээс мөн өгсөн. Ямар ч оношилгоотой адилхан алдаа гаргах магадлалтай. 2020 оны нэгдүгээр сараас АНУ-ын Шинжлэх ухааны сэтгүүлд судалгаа нь илтгэгдэж гарсан оношлуур.

"Сонгдо" эмнэлгийн зүгээс эхлээд тандалтын зорилгоор 40 хүнийг уг тестээр үзэхэд хариу сөрөг гарсан. Харин өчигдөр хоёр хүн эерэг хариутай гарсан. Энэ тохиолдолд бусад хэвтэн эмчлүүлж байгаа хүмүүс, эмнэлгийн ажилтнууд, үйлчлүүлэгчдээ хамгаалах ёстой учраас хөл хорионд оруулж, ХӨСҮТ-д албан ёсоор мэдэгдсэн. Мөн Улсын онцгой комисст давхар мэдээлэл өгсөн. Бидний зүгээс оношлуур үйлдвэрлэсэн компани руу холбогдсон. Тэд "Түргэвчилсэн оношлуур 95 хувийн магадлалтай, хэрвээ хариу эерэг гарсан бол өмнө нь Ковид-19 вирусээр өвчлөөд эдгэсэн байж болно" гэсэн хариуг өгсөн. 

ХӨСҮТ-өөс эмч, ажилтнууд ирж, хөл хорионд орсон өвчтөнөөс PCR-ын шинжилгээг авсан. Эмнэлгийн зүгээс тусгаарлалтад орсон 345 хүнийг хэрэгцээт зүйлсээр хангаж, ажиллалаа.

Ингээд өнгөрсөн шөнийн 02:00 цаг орчмын үед ХӨСҮТ-өөс PCR шинжилгээний хариу сөрөг гэсэн хариу ирүүлсэн. Бидний зүгээс шаардлагатай гэж үзсэн 40-өөд хэвтэн эмчлүүлэгчдээ тандалт хийсэн. Өчигдөр эерэг гэсэн хариуг олон нийтэд хүргэсэндээ нэг талаас манай эмнэлэг уучлалт гуйж байна. Нөгөө талаас бидний хийх ёстой ажил юм шүү гэдгийг сануулъя. 

"Сонгдо" эмнэлэгт халдвартай хүн байхгүй. Үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байгаа. 

Өнгөрсөн шөнө коронавирусний нөхцөл байдалтай холбоотой Сайдын тушаал гарсан байна. Түүгээр шинжилгээний хариу бүрэн төгс буюу 100 хувь батлагдаагүй бол өвчтөнд хэлэхгүй байхаар журамлажээ.

Эрүүл мэндийн яам, Улсын онцгой комисс болон бусад мэргэжлийн байгууллагууд маш сайн ажиллаж байгааг хэлэх нь зүйтэй.

Гэхдээ бид тайвширч болохгүй. Өнөөдрийн байдлаар халдвартай нь батлагдсан 30 иргэн байгаа ч энэ бол зөвхөн 3000 хүнд хийсэн шинжилгээний хариу.

Манай улс нийт гурван сая гаруй хүн амтай гээд тооцвол эрсдэл одоо ч байгаа. Тиймээс иргэд өнгөрсөн өвөл хүндээр ханиад хүрч, хатгаа туссан бол түргэвчилсэн оношлуураар шинжлүүлэхэд буруудахгүй. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.