“Бидний бахархал” өргөмжлөлийг 6 эрдэмтэн хүртэв
![“Бидний бахархал” өргөмжлөлийг 6 эрдэмтэн хүртэв](http://olnodo.com/media/images/5e9a47de4474f.png)
Шинжлэх ухааны салбараас гадаадын улс орнууд төдийгүй дотоодынхоо томоохон шагнал хүртсэн эрдэмтдээ алдаршуулах зорилгоор ШУА-иас “Бидний бахархал” өргөмжлөлийг олгодог уламжлалтай. Энэхүү өргөмжлөлийг тухайн жилдээ амжилт үзүүлсэн эрдэмтэнд олгодог бөгөөд энэ удаа 6 эрдэмтнийг шалгаруулжээ.
Тодруулбал, Монгол Улсын Төрийн соёрхолт, шинжлэх ухааны доктор, профессор, академич Т.Ган-Эрдэнэ /БНХАУ-ын дээд шагнал “Найрамдал”/, Монгол Улсын Малын гавьяат эмч, шинжлэх ухааны доктор, профессор, академич Б.Бямба Шинжлэх ухааны техонлогийн салбарын Технологийн дэвшлийн шагнал/, Монгол Улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, шинжлэх ухааны доктор, профессор, академич Л.Болд /Туркийн Шинжлэх ухааны Академийн Хүндэт гишүүн/, Монгол Улсын гавьяат хуульч, шинжлэх ухааны доктор, профессор, академич Ж.Амарсанаа /Б.Чимэдийн нэрэмжит Монгол Улсын Их Хурлын шагнал/, Шинжлэх ухааны доктор, профессор, академич Ч.Дугаржав /ОХУ-ын ШУА-ийн Гадаад гишүүн/, Монгол Улсын Зөвлөх инженер, Төрийн соёрхолт, шинжлэх ухааны доктор, дэд профессор Н.Жадамба /Төрийн дээд шагнал Монгол Улсын Төрийн соёрхол цол / нар тус тус хүртэв. Дээрх эрдэмтдээс академич Л.Болд хоёр дахь удаагаа энэхүү өргөмжлөлийг хүртэж байна.
Академич Б.Бямба хэлэхдээ, “Монгол Улсын Засгийн газрын Шинжлэх ухаан “Технологийн дэвшлийн шагнал” хэмээх нэр хүндтэй шагналыг хүртсэн 6 дахь хүн боллоо. Монгол Улсын бэлчээрийн мал аж ахуйд 220 гаруй төрлийн шимэгч байдаг. Гадна талаас нь хачиг, хувалз, хамуу зэрэг 56 зүйл, дотор талаас нь цагаан хорхой, тэжээл боловсруулах эрхтний, амьсгалын замын эрхтний гэх мэтчилэн 180 гаруй зүйлийн шимэгч малд өвчин халдаадаг. Тиймээс шимэгчээр өвчилсөн малыг эмчлэх зорилготой тарилгын болон туулгын бэлдмэл гаргасан. Импортоор нэг ч эм бэлдмэл авахгүйгээр 70 сая тоо толгой малыг өвчнөөс сэргийлэх эм бэлдмэл, тарилга, туулгыг монгол эрдэмтэд хамтран зохион бүтээж үйлдвэрлэлд нэвтрүүлэх боломжийг бүрдүүлнэ” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм.
2018 онд “Бидний бахархал” өргөмжлөлийг “Монголын геологи ба ашигт малтмал” хэмээх найман боть цувралыг бүтээсэн эрдэмтдийн хамт төрийн шагнал хүртсэн академич Р.Барсболд, Япон Улсын Засгийн газрын “Мандах нар” одонгийн “Тууз бүхий Алтан туяа” зэрэглэлийн одон хүртсэн академич Д.Төмөртогоо, Монгол Улсаас анх удаа ОХУ-ын газар зүйн нийгэмлэгийн дээд шагнал С.М.Пржевальскийн нэрэмжит хүндэтгэлийн алтан медалийг хүртсэн академич Д.Доржготов, Туркийн ШУА-ийн 2018 оны шагнал хүртсэн академич Л.Болд, Монгол Улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн цолоор доктор О.Самбуудорж нар хүртэж байв.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.