Н.Энхбаяр: Бид хөшөө барихгүй, үйлдвэр барина

УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийг ирэх зургаадугаар сарын 24-нд зохион байгуулахаар товлосон билээ. Тэгвэл хуульд заасны дагуу УИХ-ын сонгуульд өрсөлдөх улс төрийн нам, эвсэл өнөөдөр /2020.04.24/ Сонгуулийн ерөнхий хороонд хүсэлтээ хүргүүлж байна. Энэ хүрээнд МАХН-аас сонгуульд оролцох хүсэлтээ Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүллээ.
Энэ үеэр МАХН-ын дарга Н.Энхбаяр "Бидний хувьд өнөөдөр нэгэн том алхмыг хийж байна. Монгол Улсаа аврах том алхам гэж үзэж байна. Монголчууд ойлгож байгаа байх. МАН-ынхан зүтгэсээр байгаад ялна гэж бодоод байх шиг байна. Хөл, хорио тавьж биднийг сонгогчидтой уулзуулахгүй байж байгаад ялна гэж бодоод байх шиг байна. Ард түмэн өөр бодолтой байгаа байх аа гэж бодож байна. Бид ЖДҮ-чид, 60 тэрбумчдаас салах ёстой. "Эрдэнэт"-ийн барьцаалсан нөхдөөс салах байх гэдэгт итгэж байна. Манай эвсэл бол "Та бидний эвсэл" гэдэг нэртэй. Учир нь, иргэдтэй уулзаж явахад та нар л бидний найдвар шүү гэж хэлж байсан. Тиймээс ингэж нэрлэсэн. Энэ бол хоёр, гурван намын мөрийн хөтөлбөр биш нийт ард түмний мөрийн хөтөлбөр юм. Бид мөрийн хөтөлбөртөө байгалийн баялгийг нь ард түмэнд авч өгнө гэж тусгасан. Аль болох ядуу хэвээрээ байх юм. Хоёрдугаарт, хөрөнгө оруулалтын бодлого өөрчлөгдөнө. Хөшөө барихгүй ээ, өөрсдийгөө сурталчилсан үйл ажиллагаа явуулахгүй. Цэвэр үйлдвэрийн хөрөнгө оруулалт хийнэ. Ажлын байрыг бий болгоно. Сүүлийн хэдэн жил үйлдвэр баригдсангүй, баахан хөшөө баригдлаа шүү дээ. Ажлын байрыг бий болгохын тулд зээлийн хүүг бууруулна. Ийм өндөр байж болохгүй" хэмээн байр сууриа илэрхийллээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.