“Теодор Рузвельт” онгоцны 840 далайчин халдвар авсан нь батлагджээ

“Теодор Рузвельт” онгоцны 840 далайчин халдвар авсан нь батлагджээ

АНУ-ын нисэх онгоц тээвэрлэгч “Теодор Рузвельт” хөлөг онгоц дээрх далайчдад шинэ коронавирусний шинжилгээг 100 хувь хийж дууслаа. Энд нийт 840 далайчин халдвар авсан болох нь батлагдсан байна. Энэ тухай АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний сайтад пүрэв гарагт мэдээлжээ. 

Мэдэгдэлд “Дөрөвдүгээр сарын 23-ны байдлаар “Теодор Рузвельт”-ын багийн гишүүдийг "COVID-19"-ийн шинжилгээнд 100 хувь хамруулж дуусахад 840 эерэг, 4098 сөрөг хариу гарлаа” гэж тэмдэглэжээ. Хөлөг онгоцонд нийт 4900 гаруй далайчин байсан юм.

Одоогийн байдлаар халдвар авсан дөрвөн далайчныг тэнгисийн цэргийн эмнэлэгт эмчилж байна. Нэг далайчин энэ сарын 13-нд нас барж, 88 далайчин эдгэрээд гарчээ. Нийтдээ 4234 гишүүн хөлөг онгоцноос буусан байна. 

“Теодор Рузвельт” нисэх онгоц тээвэрлэгч хөлөг онгоцонд "COVID-19"-ийн халдвар дэгдэж, багийн гишүүдийн 20 гаруй хувь нь өвчилсөн нь Пентагонд нэлээд шуугиан тарьсан юм. Хөлөг онгоцны командлагч Бретт Крозегийн хөлөг онгоцон дээр халдвар дэгдэж эхэлсэн тухай захидал сэтгүүлчдийн гарт орж, Тэнгисийн цэргийн хүчин, Пентагоны хооронд маргаан дэгдэхэд хүргэсэн. Хөлөг онгоцны командлагч энэ захидалдаа Пентагоныг атомын тээвэрлэгч хөлөг онгоцон дээр гарсан халдварт анхаарал хандуулахгүй байна гэж шүүмжилжээ. Тухайн үед Крозе багийн гишүүдээ хөлгөөс буулгаж, ариутгал явуулах хүсэлт гаргасан юм байна.

Гэтэл АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний сайдын үүргийг гүйцэтгэгч Томас Модли командлагчийг хэт сэтгэлийн хөөрлөөр хандсан гэж буруутгаж, “Бид дайтаагүй. Далайчин хүн үхэх ёсгүй” гэсэн утгатай үг хэлсэн нь шүүмжлэл дагуулсан. Эцэст нь Модли хэлсэн үгнээсээ болоод уучлалт гуйж, ажлаа өгчээ. Хөлөг онгоцны командлагч ч мөн ажлаа өгсөн юм. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.