“COVID-19” халдварын эсрэг “Remdesivir” эмийг 1000 гаруй өвчтөнд туршжээ

АНУ-ын Харшил халдварт өвчний үндэсний хүрээлэнгийн захирал өчигдөр хэвлэлд өгсөн мэдээлэлдээ, “Тус улсын "Gilead Sciences" компанийн анх эбола вирусний эсрэг бүтээсэн “Remdesivir” эмийг коронавирусний халдвартай хүмүүст эрт өгч эхэлсэн тохиолдолд эдгэрэх хугацааг дунджаар 31 хувиар богиносгож байгаа үр дүн гарсан” талаар танилцуулсан байна.
АНУ болон Европын зарим улсыг хамруулсан тус эмнэлзүйн судалгаанд 1000 гаруй хөнгөн өвчтөн хамрагджээ. Өөр бусад эмчилгээ хийлгэж байсан хөнгөн өвчтөнүүд 15 хоногт эдгэрч байсан бол “Remdesivir” эмийг хэрэглэсэн тохиолдолд 11 хоногт вирусийг дарангуйлж, эдгэрэх хугацааг 4 хоногоор богиносгож чадсан аж. Тэрбээр уг эмийг 100 хувийн амжилттай биш ч цаашид энэ чиглэлийн эмчилгээнд үндэс суурь тавьж чадлаа гэж үзэж байгаа бөгөөд хүнд явцтай өвчтөнд турших зэргээр улам сайжруулах шаардлагатай гэж мэдэгджээ.
Одоогийн байдлаар тус эмийг дэлхийн ямар ч оронд халдварын эсрэг өвөрмөц эмчилгээ гэж хүлээн зөвшөөрч эмчилгээнд хэрэглээгүй байгаа гэдгийг тэмдэглэх нь зүйтэй” хэмээн ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа өнөөдрийн ээлжит хэвлэлийн хурлын үеэр мэдээлсэн юм.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.