НАСА: 2011 оноос хойш Америкийн газар нутгаас анх удаагаа сансрын нисгэгч хөөрнө

НАСА: 2011 оноос хойш Америкийн газар нутгаас анх удаагаа сансрын нисгэгч хөөрнө

Өнөөдрөөс 25 өдрийн дараагаар Америкийн Сансар судлалын түүхэнд тодоор бичигдэн үлдэх үйл явдал тохиох гэж байна. 2011 оноос хойш анх удаагаа Америкийн газар нутгаас  сансрын нисгэгчид олон улсын станцыг зорих юм. Шинэ коронавирусний тархалтыг үл харгалзан энэхүү нислэг төлөвлөгөө ёсоор явагдана гэдгийг НАСА агентлаг мэдээлжээ.  Тус агентлаг болон Space X компаниуд иргэдийг орон гэрээсээ гарахгүй,  энэ үйл явдлыг телевизээр  үзэж сонирхохыг уриалсан байна. 

Америкийн сансрын судлалын НАСА агентлаг 2011 онд сүүлийн сансрын хөлөг тэтгэвэрт гаргасан. Үүнээс хойш тус улс сансрын нисгэгчдээ Оросын сансрын хөлгөөр задгай сансар уруу зөөвөрлөж байгаа юм.  Тэгвэл Америкийн хөрснөөс дахин сансрын нисгэгчид хөөрөх үйл явдал 05-р сарын 27-нд тохиох гэж байна. НАСА агентлагийн удирдлагууд нислэгийг төлөвлөгөө ёсоор явуулахыг хамгийн чухал зорилгоо болгоод байгааг хэлжээ.

Энэхүү нислэгт Америкийн хувийн компанийн бүтээсэн сансрын хөлөг болон пуужинг ашиглаж байгаа гэдгээрээ ихээхэн онцлогтой юм. Нислэг амжилттай болох юм бол SpaceX компани Америкийн нисгэгчдийг олон улсын сансрын станцад хүргэсэн анхны хувийн компани болно. Америкийн хоёр сансрын нисгэгч Флорида мужийн сансрын төвөөс удахгүй нислэг хийхээр бэлтгэлээ базааж байна.

НАСА агентлагийн сансрын нисгэгчид 1981 оноос хойш анх удаагаа цоо шинэ сансрын хөлгөөр нисэх юм. НАСА агентлаг SpaceX болон Boeing компаниудтай задгай сансар уруу нисгэгч төдийгүй бараа бүтээгдэхүүн зөөвөрлөх пуужин, сансрын хөлөг бүтээх нийт 7 тэрбум ам.долларын гэрээг байгуулаад байгаа юм.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.