АТГ-аас АН-аас нэр дэвшихээр 100 сая төгрөг өгсөн горилогчдыг шалгаж эхэлжээ.

УИХ-ын 2020 оны ээлжит сонгууль ирэх зургадугаар сард болно. Энэ удаагийн ээлжит сонгуульд 15 нам, дөрвөн эвсэл оролцохоо мэдэгдэж, Сонгуулийн ерөнхий хорооноос батламжаа гардаж авсан билээ. Нам, эвслүүд нэр дэвшигчдээ энэ сарын 15-ны өдөр гэхэд тодруулж, олон нийтэд зарлах хуультай.
Харин парламентын сөрөг хүчин болох АН-аас нэр дэвшин өрсөлдөх нэр дэвшигч тус бүр намдаа 100 сая төгрөгийг хандивлах юм. Өөрөөр хэлбэл, тэд 100 сая төгрөгийн дэнчин тавьж, нэр дэвших эрхээ намаасаа авна. Үүнээс гадна, 100 сая төгрөгөө тушаасан ч нэр дэвших эрхээ авч чадаагүй горилогчдод АН-ын дарга С.Эрдэнэ сонгуулийн дараа намын дэмжлэг үзүүлнэ гэдгээ мэдэгдсэн байдаг.
Тэгвэл АТГ-аас АН-аас нэр дэвшихээр 100 сая төгрөгөө өгсөн горилогчид болон тус намын удирдлагуудыг шалгаж эхэлсэн байна. Тодруулбал, АТГ-аас АН-аас нэр дэвших хүсэлтэй хүн бүрээс ямар учраас 100 сая төгрөг хурааж байгаа болон уг мөнгөний эх үүсвэрийг тодорхой болгохоор мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлжээ.
Энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад "АН-ын удирдлагуудаас гадна нэр дэвшихээр 100 сая төгрөг өгсөн хүмүүсийг шалгаж эхэлсэн нь үнэн. Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа болохоор прокурорын зөвшөөрөлтэй мэдээлэл өгнө" гэх тайлбарыг өглөө.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.