Сургалтын төв, номын санг нээх асуудлыг удахгүй шийдвэрлэнэ

Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан "COVID-19"-ийн өвчний нөхцөл байдлыг харгалзан баар, цэнгээний газруудын үйл ажиллагааг тодорхойгүй хугацаагаар дахин хаах нь зүйтэй гэдгийг өнөөдөр болсон Нийслэлийн Онцгой комиссын шуурхай ажлын хэсгийн хуралдаан дээр мэдэгдлээ.
Тэрээр хэлэхдээ, "Зоогийн газрууд 22:00 цаг хүртэл хэвийн ажиллаж байгаа. Үүн дээр баар, шөнийн цэнгээний газруудыг нээж ажлын байрыг хадгалах үүднээс ААН-үүдэд боломж олгосон ч зохих ёсны шаардлагыг хангаж ажиллахгүй байна.
Ариутгал халдваргүйжүүлэлт хийхгүй, дүрэм журмыг биелүүлэхгүй байна. Төр, засгийн бодлого шийдвэр, мэргэжлийн байгууллагуудын зөвлөмжийг мөрдөж ажилласангүй. Үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломж нөхцөлөө бүрдүүлээгүй, бэлэн биш байна.
Өнгөрсөн гурван сар цагдаа, онцгой, мэргэжлийн хяналт, эрүүл мэндийн салбарынхан хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө маш их ачаалалтай ажиллаж байгаа ч үүний үр дүнд иргэдийн эрх ашиг, хувь заяаг зарим хариуцлагагүй, үүргээ ухамсарлаагүй иргэдээс болж эрсдэлд учруулах ёсгүй. Залуучууд маань бодит эрсдлийг тооцож чадахгүй байна. Тийм учраас энэ үйл ажиллагааг цааш үргэлжлүүлэх боломжгүй боллоо. Энэ байгууллагууд хэзээ ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлаа хийж чаддаг болох, мөн өвчний нөхцөл байдлыг харгалзаж, тодорхойгүй хугацаагаар баар, цэнгээний газруудыг хаах нь зүйтэй" гэдгийг онцоллоо.
Ингэхдээ, ААН-үүдээ дампууруулахгүйгээр ажлын байрыг хадгалах, айл өрхийг орлоготой байлгах зэрэг зөрчилдөөнтэй бөгөөд амаргүй олон шийдвэрийг хүнд нөхцөл байдалд гаргасан. Шийдвэрүүд нөхцөл байдалд тохирч яаж ч өөрчлөгдөж болохыг иргэд маань ойлгох хэрэгтэйг нэмж хэллээ.
“Өнгөрсөн сард бид фитнесс клуб, амралтын газруудыг үе шаттай нээх, нээхдээ халдвараас урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулж байх шаардлагын дагуу ААН-үүдийн үйл ажиллагааг жигдрүүлж ажиллаж ирсэн. Фитнесс, амралтын газрууд зөвлөмжийн дагуу ажиллаж байгаа учраас ямар нэгэн хүндрэл гарахгүй гэж үзэж байна. Нөгөө талаар урин дулаан болсон үед хотод нягтаршил үүсгэхгүй байх үүднээс хот тойрсон амралтын газруудыг нээсэн" гэв.
Танхимын сургалтын төвүүдийг Засгийн газрын тогтоолоор үйл ажиллагааг нь зогсоосон учраас нийслэл тэдгээрийг нээн ажиллуулах тухай шийдвэр гаргах боломжгүй. Тийм учраас УОК болон холбогдох яамд танхимын сургалтыг цөөн суралцагчтайгаар нээх саналаа хүргүүлсэн. Энэ долоо хоногтоо багтаад шийдвэр гарна гэдгийг хотын Засаг дарга мэдэгдлээ. Сургалтын төв, номын санг нээх талаар иргэдээс ирж буй саналыг судалж шийдвэрлэнэ гэв.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.