Нийслэлд дэх баар, шөнийн цэнгээний газруудыг тодорхойгүй хугацаагаар хаалаа

Нийслэлд дэх баар, шөнийн цэнгээний газруудыг тодорхойгүй хугацаагаар хаалаа

Нийслэлийн онцгой комисс өнөөдөр хуралдаж шөнийн цэнгээний газар, бааруудыг нээсэнтэй холбоотой гарсан зөрчлийн талаар авч хэлэлцэж, иргэд олон нийтэд эрсдэл учирч болзошгүй байгаа учраас баар, шөнийн цэнгээний газрын үйл ажиллагааг тодорхойгүй хугацаагаар хаах шийдвэр гаргаж байна.

Өнгөрсөн үдэш нийслэлийн шөнийн баар цэнгээний газруудад ямар зөрчил илрүүлсэн талаар Нийслэлийн цагдаагийн газрын дарга Д.Ядамдорж танилцуулав.

Тэрбээр: “Өчигдөр 17 цагдаа эргүүлийн чиглэлд үүрэг гүйцэтгэсэн. 200 гаруй хүн хоорондоо шамбааралдсан байдалтай баар байсан. Чикаго баар гэхэд л халуун хэмжигч байхгүй. Хүмүүс хоорондын зай баримтлах журам үйлчлэхгүй, 80 хүнтэй байсан төдийгүй цагтаа хаахгүй асуудал гаргасан. Тараах гэж очсон цагдааг зодож, хүч хэрэглэсэн асуудал гарлаа. Сүхбаатар дүүргийн гуравдугаар хороонд халуун хэмжигчгүй, 45 хүнтэй баар ажиллаж байсан. Бармен зөөгч нар нь амны хаалтгүй үйлчилсэн зэрэг зөрчил гаргасныг бид баримтжуулсан.  Бямба гарагийн орой баар, цэнгээний газруудад шаардлага тавьж ажилласан 7 цагдаа бааранд үйлчлүүлж байгаа иргэдэд зодуулсан. Мөн үйлчилгээний ажилтнууд, үйлчлүүлэгч иргэдэд ЭМЯ-наас тавьж буй шаардлагыг тавихад. “Та нар мөнгөө авсан бол болоо биз” хэмээн хэмээн тэднийг зодсон асуудал ч гарсан. Өнгөрсөн 3 хоногт олон сар хаалттай байсан баар, цэнгээний газраар залуус олноор ирж бөөгнөрөл үүсгэж, асуудал дэгдээж, олон зөрчил гарч хүндрэл учирсан” гэлээ.

Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан: “Ажил үүргээ гүйцэтгэж явсан цагдаагийн албан хаагчдын биед халдсан 7 үйлдэлд холбогдох хэрэгт хатуу арга хэмжээ ав. Дэг журам сахиулах үүрэгтэй цагдаагийн алба хаагчид халдсан хууль, журам, иргэний үүргээ биелүүлэхгүй дураараа авирласан иргэдэд хуулийн дагуу хариуцлага тооц. Харин тэдний аюулгүй байдлыг нь хангаж байгаа алба хаагчид халдлагад өртдөг явдал байх ёсгүй. Хууль бус, дүрэм журамгүй, замбараагүй асуудалд та онцгой анхаарч ажиллах ёстой. Ямар хүмүүс цагдаагийн албан хаагчийн биед халдав, хэр хэмжээний гэмтэл учруулав, нэртэй устай нь олон нийтэд мэдээлэх хэрэгтэй. Хуулийн дагуу нарийн шалгах ёстой шүү” гэв.

С.Амарсайхан: “Эдийн засгийг сэргээх, ажлын байрыг хадгалах зорилгоор баар караокены үйл ажиллагааг нээсэн боловч нэг талаас энэ байгууллагууд ариутгал халдваргүйтгэлийн ажлыг хийхгүй, дүрэм журмыг биелүүлэхгүй байна. Мөн манай мэргэжлийн байгууллагууд хяналт шалгалтын ажлаа өөр хоорондоо уялдаатай явуулж чадахгүй, иргэд олон нийтэд эрсдэл учирч болзошгүй байгаа учраас баар, шөнийн цэнгээний газрын үйл ажиллагааг тодорхойгүй хугацаагаар хаах шийдвэр гаргаж байна” гэж мэдэгдлээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.