Цагдаагийн алба хаагч СЭТГҮҮЛЧИЙН БИЕД ХАЛДСАН үйлдэл тогтоогдоогүй гэв

Цагдаагийн ерөнхий газраас өнөөдөр /2020.05.06/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, дэд хурандаа Б.Баатархүү “Олон нийтийн цахим сүлжээгээр мэдээлэл гарсан байна. Хөвсгөл аймагт хүүхэд нь аавыгаа хөнөөсөн гэх хэрэгт албан ёсоор тайлбар өгье. Энэ бол дөрөвдүгээр сарын 23-ны өдөр тус аймгийн Ренчинлхүмбэ сумын иргэн 39 настай эрэгтэй ор сураггүй алга боллоо гэдэг дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн. Уг мэдээллийн дагуу аймгийн цагдаагийн газраас эрэн сурвалжилж эхэлсэн. Энэ ажиллагаа явагдаж байхад тухайн иргэн дөрөвдүгээр сарын 22-ны өдөр архидан согтуурч, түүний ууган хүү маргалдсаны улмаас амь биед нь халдсан ноцтой хэрэг болсон. Амь хохирогчийн цогцсыг ул мөрөө баллах зорилгоор нуусан байсныг аймгийн цагдаагийн газраас шуурхай ажиллаж хэргийг илрүүлэн хэргийг шалгаж байна.
Хоёрдугаарт нь, өчигдөр “Босоо хөх монгол” ТББ-ын гишүүн бусдад хутгалууллаа гэх мэдээлэл гарлаа. Үүний дагуу Дорноговь аймгийн цагдаагийн газарт шалгахад иргэн А-г 1979 онд төрсөн Ж гэгч нь хутгалсан нь тогтоогдсон. Дорноговь аймгийн цагдаагийн газарт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж шалгаж байгаа.
Дараагийн дугаарт нь, сүүлийн үед цагдаагийн алба хаагчийн эрх чөлөөнд халдсан асуудал гарсан. Урсгал сөрж явсан жолоочид цагдаагийн алба хаагч шаардлага тавихад биед нь халдсан энэ асуудалд тээврийн цагдаагийн албанаас замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэдгээр торгуулийн арга хэмжээ авч, жолоодох эрхийг хассан. Харин цагдаагийн алба хаагчийн биед халдсан асуудлаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байна.
Мөн Цагдаагийн хурандаа Ч.Чинбат болон сэтгүүлч Н.Өнөрцэцэгтэй холбоотой асуудалд ЦЕГ-ын Дотоод хяналт шалгалтын албанаас шалгалт хийлээ. Албаны шалгалтаар цагдаагийн алба хаагчийн буруутай үйл ажиллагаа тогтоогдоогүй. Өөрөөр хэлбэл, цагдаагийн хурандаа Ч.Чинбат сэтгүүлчийн биед халдсан үйлдэл тогтоогдоогүй байна. Тухайн үед байсан гэрч, дүрс бичлэгийг үндэслэн шалгахад, тухайн сэтгүүлчийн ажил мэргэжилтэй холбоотой хэрэг шалгагдаж байх явцад, хэрэг шалгаж байгаа байцаагчтай уулзалгүйгээр хэлтсийн даргын өрөөнд орж, ажил үүргээ гүйцэтгэж байсан алба хаагчийг хэл амаар доромжилж, хэвийн үйл ажиллагааг нь алдагдуулсан байна. Улмаар ажил үүргээ үргэлжлүүлэх хангах тухай шаардлага тавьсан. Цагдаагийн байгууллагын тухай хуулиар цагдаагийн алба хаагч нийгмийн хэв журам зөрчих, гэмт хэрэгтэй холбоотойгоор бусдад шаардлага тавих эрхтэй. Үүний дагуу шаардлага тавьж, шаардлагыг үл биелүүлсэн. Хуульд заасан эрх хэмжээний хүрээнд албадлага хэрэглэж өрөөнөөсөө гаргасан. Энэ үйл ажиллагаа нь ямар нэгэн хууль зөрчсөн үйлдэл байгаагүй. Сэтгүүлчийн биед халдсан цохисон асуудал байхгүй гэдэг нь бичлэгээр нотлогдсон байна” гэлээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.