Танд ямар амин дэм хэрэгтэйг ингэж мэдээрэй

Танд ямар амин дэм хэрэгтэйг ингэж мэдээрэй

Хүний өдөр тутмын хүнсний хэрэглээд их бага хэмжээгээр зайлшгүй агуулагдах ёстой амин дэм болон тэдгээрийн дутагдалд хэрхэн сөргөөр нөлөөлдөг тухай хүргэе.

А витамин дутагдвал: Үс өнгөө алдаж хэврэгшиж, арьс хуурайшин үрчлээтнэ. Нүдний хараанд нөлөөлж, оройн цагаар юм харах нь муудна.

А витамин нь малын гаралтай мах, өөх тос, цагаан идээ, загасны тосонд их хэмжээгээр агуулагддаг.

Д витамин дутагдвал: Нойр муудаж, цочин сэрэх,  нярай болон бага насны хүүхэд уйламтгай болох, хоолны дуршил буурч цаашдаа сульдаа өвчинд шилжинэ. Сульдаа нь  ялангуяа өвөл, хаварт цөөнгүй тохиолдоно. Мөн яс зөөлөрч сийрэгжин, бэртэж хугарахад амархан болдог.

Д витамин нь загасны тос, загасны түрс, далайн гаралтай хүнсний бүтээгдэхүүн, үхрийн элэг, тахианы өндөг, талх, пивоны хөрөнгөнд ихээр агуулагддаг байна.

С витамин дутагдвал: Бие суларч, нойр хүрэх, амархан ядрах, турж эцэх, нүүр гарын арьс цайрч, хуруу хумс, уруул зэрэг  газраар хөхөвтөр толбо үзэгдэнэ. Уруул буйл хөхрөн хавдаж, цус гарах, шүд ганхаж өвдөх, цаашдаа булчин үе мөч өвчтэй болж, арьсан дээгүүр  жижиг цус харваж хөх толбо бий болно.

С витамин нь ургамлын ногоон навчинд байдаг. Нохойн хошуу, чацаргана, аньсны үр жимс, лимон, жүрж зэрэгт их хэмжээгээр. Гүүний сүү, айрагт, исгэлэн чанарын цагаан идээнд  бага зэрэг агуулагддаг.

В витамин дутагдвал:  В төрлийн амин дэмийг дотроо  В1, В2,В6, В12 зэрэг төрлүүд байдаг.

Эдгээр амин дэм  дутагдвал амархан уур уцаартай болох, толгой өвдөх, бие сульдах, нүд аргах, үс унах, цус багадах шинж тэмдэг илэрнэ. В1, В2, В6 амин дэм гол төлөв талх, пивоны хөрөнгө, ургамал, хүнсний ногоо, үр тарианд агуулагдах бол В12 нь мах, өөх тос, тэр тусмаа үхрийн элгэнд ихээр агуулагддаг аж.

К витамин нь ургамлын ногоон навч, ялангуяа нарсны шилмүүс, байцаа зэрэгт их агуулагддаг. Энэ төрлийн витамины дутагдал тэр бүр илэрдэггүй ч арьсан дор болон булчин, ходоод, гэдэс бусад эрхтэнд цус  харвалтын гол шалтгаан болдог.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.