Энэтхэг, Ирланд, Мексик болон Норвеги НҮБ-ын АЗ-ийн байнгын бус гишүүнээр сонгогдлоо
Энэтхэг, Ирланд, Мексик болон Норвеги улс 2021-2022 онд НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн /АЗ/ байнгын бус гишүүнээр сонгогджээ.
Лхагва гарагт НҮБ-ын Ерөнхий Ассамблейд явуулсан санал хураалтын дүнгээр Ирланд 128 санал, Норвеги 130, Мексик 187, Энэтхэг 184 санал авсан байна.
Европ болон бусад орнуудын бүлэгт Норвеги, Ирландтай өрсөлдсөн Канад хангалттай тооны санал авч чадаагүй байна. Кени, Жибути улсуудын аль аль нь шаардлагатай дэмжлэгийг аваагүй тул Африк тивийн ялагчийг хоёрдугаар шатанд тодруулахаар болжээ.
НҮБ-ын АЗ нь байнгын бус 10 гишүүнээс бүрддэг бөгөөд таван гишүүн нь жил бүр ээлжлэн өөрчлөгддөг. Байнгын таван гишүүнээс /ОХУ, Их Британи, БНХАУ, АНУ, Франц/ ялгаатай нь тэд хориг тавих эрхгүй юм. Вьетнам, Нигер, Сент-Винсент ба Гренадин, Тунис, Эстони улсууд НҮБ-ын АЗ-ийн ажилд хоёр дахь жилдээ үргэлжлүүлэн оролцоно. 2021 онд шинээр сонгогдсон орнууд АЗ-д Бельги, Герман, Доминикан, Индонез болон Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсыг орлох юм.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.