Гурван улсын жолоочоос "COVID-19” халдвар илэрчээ
Улсын хэмжээнд гурван лабораторид өчигдөр 339 хүний сорьцод шинжилгээ хийхэд гурваас нь коронавирус илэрчээ.
"Тэд Сэлэнгэ аймгийн Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн жолооч нар бөгөөд 59 настай ОХУ, 37 настай Беларусь, 32 настай Монгол Улсын иргэн байна. Тэднийг ХӨСҮТ-д авчирч тусгаарлах ажил эхлээд байна" гэдгийг ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү мэдээлэв.
Харин "COVID-19” халдвартай 5 хүн өнөөдөр эдгэрч, дараагийн шатны ажиглалтад шилжиж байна. Эдгэрсэн хүмүүс бүгд оюутнууд юм.
Манай улсад “COVID-19”-ийн нийт 204 тохиолдол бүртгэгдсэнээс 132 хүн эдгэрээд байна. Эмчлүүлж буй 72 хүний 67 нь хөнгөн, 5 хүний биеийн байдал хүндэвтэр байна.
Харин 336 хүний шинжилгээний хариу сөрөг гарчээ. Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай онгоцоор өчигдөр ирсэн 266 иргэнээс авсан шинжилгээнд халдвар илрээгүй байна. Мөн сэжигтэй тохиолдлоор ХӨСҮТ-д тусгаарлагдсан нэг хүний шинжилгээний хариу сөрөг гарчээ. ХӨСҮТ-д тусгаарлагдсан 23 хүний давтан, Дархан-Уул аймагт тусгаарлагдсан 11 хүний давтан шижилгээ, тандалт судалгааны зорилгоор Завхан, Увс аймаг болон Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэг, Өрхийн эүүл мэндийн төвүүдээс цуглуулсан 13 сорьцод халдвар илрээгүй байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.