Токио бизнес эрхлэгчдэд тогтоосон хязгаарлалтаа цуцалжээ
Токио хотын эрх баригчид “COVID-19” цар тахлын улмаас 4 дүгээр сард бизнес эрхлэгчдэд тогтоосон бүх хязгаарлалтыг цуцалжээ.
Энэ сарын 19-нөөс буюу өнөөдрөөс Токио хотод шөнийн цэнгээний газрууд болон иймэрхүү төрлийн бусад газрыг хаах тухай зөвлөмж хүчингүй болж байгаа аж. Түүнчлэн олон хүн хямд төсөр хоноглох газраа болгон ашигладаг зугаа цэнгэлийн паркууд, автомат тоглоомын газар, интернет кафенууд үүд хаалгаа нээхээр болжээ. Харин олон нийтийн арга хэмжээ явуулахдаа одоогийн байдлаар мянгаас их хүнийг хамруулж болохгүй аж.
Хязгаарлалтыг цуцалснаар зоогийн газар, кафе, шөнийн цэнгээний газрууд шөнө дунд хүртэл ажиллах боломжтой болжээ. Түүнчлэн архи, согтууруулах ундааг ч мөн шөнө дунд хүртэл худалдан борлуулахыг зөвшөөрч байгаа аж. Дөрөвдүгээр сард хоолны газрууд оройн 8 цаг хүртэл үйл ажиллагаагаа явуулах боломжтой байсан бол архи, согтууруулах ундааг оройн 7 цаг хүртэл худалдаалахыг зөвшөөрч байжээ. Харин 5 дугаар сарын сүүлчээр иймэрхүү үйл ажиллагаагаа явуулах хугацааг оройн 10 цаг болгон сунгасан байна.
Зургадугаар сарын 19-нөөс мөн оршин суугчдын муж хооронд галт тэргээр зорчих хөдөлгөөнд тавьсан хязгаарлалтыг цуцалж байна. Ингэснээр улс орны эдийн засгийн идэвх нэмэгдэнэ гэж эрх баригчид үзэж байна.
Улс орны нөхцөл байдал
Токио хот болон тус хотын зэргэлдээх Канагава, Сайтама, Чиба мужуудаас гадна Осака, Хёго, Фукуока мужуудад 4 дүгээр сарын 8-нд онцгой байдлын дэглэм тогтоосон юм. Дөрөвдүгээр сарын 16-нд эрх баригчид онцгой байдлыг дэглэмийг орон даяар болгон өргөжүүлж, хугацааг нь 5 дугаар сарын 31 хүртэл сунгажээ. Гэсэн ч Засгийн газар онцгой байдлын дэглэмийг хугацаанаас нь өмнө цуцалсан юм.
Онцгой байдлын дэглэмийг цуцалсны дараа эрх баригчид хязгаарлалтуудаа аажмаар цуцалснаар, худалдааны төвүүд нээгдэж, зоогийн газрууд, шөнийн цэнгээний газруудын үйл ажиллагаагаа явуулах хугацаа илүү урт болгожээ. Үүнтэй холбоотойгоор Токио хотод халдварын шинээр илэрсэн тохиолдлын тоо нэмэгдэж, халдвар илэрсэн хүмүүсийн дийлэнх нь зоогийн газар болон зугаа цэнгэлийн газруудаар явсан байжээ. Халдварын тархалтыг нэмэгдүүлэхгүйн тулд эрх баригчид энэ салбарт үйл ажиллагаа явуулдаг хүмүүсийг тогтмол коронавирусний шинжилгээнд хамруулахаар болсон байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.