Энэтхэг, Хятадын цэргийнхэн ээлжит хэлэлцээ хийнэ

Энэтхэг, Хятадын цэргийнхэн ээлжит хэлэлцээ хийнэ

Энэтхэг, Хятадын Зэвсэгт хүчний төлөөлөгчид хурцадмал байдлыг намжаах хэлэлцээрийг бодитоор хэрэгжүүлэх, Ладакх холбооны нутаг дэвсгэрийн хяналтын шугамаас цэргээ татах асуудлыг хэлэлцэх зорилгоор мягмар гарагт гурав дахь удаагаа уулзахаар болсон байна. 

“The Times of India” сонинд Энэтхэгийн цэргийн эх сурвалжаас иш татан мэдээлснээр, хоёр орны цэргийн төлөөлөгчид Зүүн Ладакхийн хяналтын шугамын Энэтхэгийн талд Чушил зурваст уулзана. Уг уулзалтад Энэтхэгийн Зэвсэгт хүчний 14 дүгээр армийн корпусын командлагч, дэслэгч генерал Хариндер Сингх, БНХАУ-ын Ардын чөлөөлөх армийн Өмнөд Шинжааны цэргийн тойргийн командлагч генерал Лю Лин нар оролцох юм.

“Тэд Ладакх дахь хурцадмал байдлыг намжаах тухай зургадугаар сарын 6, 22-нд хийсэн хэлэлцээний үеэр хүрсэн тохиролцооны дагуу итгэлцлийг бэхжүүлэх арга хэмжээг боловсруулах, мөн цэргээ харилцан татах хугацааг хэлэлцэнэ. Энэтхэгийн тал Ладакх дахь цэргүүдийг татах алхам хийлгүүлэхийг оролдоно. Гэхдээ Хятадын Ардын чөлөөлөх арми ийм алхам хийхгүй бол Энэтхэгийн арми урт хугацаанд сөргөлдөхөд бэлэн” гэж “The Times of India” сонинд мэдээлжээ.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар, хэлэлцээний үеэр Энэтхэгийн цэргийнхэн Пангонг-Цо нуурын орчмоос Хятадын цэргүүдийг гаргах, Галван хөндийд байрлаж буй Хятадын Ардын чөлөөлөх армийн  бие бүрэлдэхүүний тоог нэмэгдүүлэхийг зогсоохыг үргэлжлүүлэн шаардахаар төлөвлөж байгаа аж. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.