Лос-Анжелесийн кинотеатруудыг нээх хугацааг хойшлуулжээ

Лос-Анжелесийн кинотеатруудыг нээх хугацааг хойшлуулжээ

АНУ-ын Калифорни муж улсын Лос-Анжелес хотын захирагч Эрик Гарсетти коронавирусний халдварын тохиолдлын тоо нэмэгдэж буйтай холбоотойгоор кинотеатруудыг нээх хугацааг тодорхойгүйгээр хойшлуулжээ. Лос-Анжелес тойрог нь АНУ дахь хамгийн том кинотеатрын зах зээл юм.

“Бид кинотеатр, боулингийн газар, тоглоомын талбай, тоглолтын танхим, сэдэвчилсэн парк, энтертайнмент төвүүдийг нээх хугацааг хойшлуулах шаардлагатай боллоо” гэж Лос-Анжелес хотын захирагч даваа гарагт болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгджээ.

Э.Гарсетти Лос-Анжелесийн кинотеатруудыг хэзээ нээх талаар тодорхой мэдээлээгүй боловч тэдгээрийг хамгийн эхэнд нээж магадгүй юм. Өнгөрсөн гуравдугаар сарын дунд үеэс коронавирусний халдварыг хязгаарлахын тулд хөл хорио тогтоосноор үзвэр үйлчилгээний салбарт ихээхэн хохирол учирч, олон арван мянган ажилтныг түр чөлөөлөхөд хүрсэн байна.

АНУ-ын кинотеатрын хамгийн том сүлжээ болох “AMC Entertainment Holdings” АНУ дахь салбаруудынхаа нээх хугацааг долдугаар сарын 30 хүртэл хоёр долоо хоногоор хойшлуулж байгаагаа даваа гарагт мэдэгджээ. “Лос-Анжелест сүүлийн өдрүүдэд халдварын тохиолдлууд нэмэгдсэн нь ойрын хугацаанд яаралтай арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх шаардлагатайг харуулж байна” гэж Э.Гарсетти хэлжээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.