БНСУ дахь Хөдөлмөр нийгмийн хамгааллын төвөөс дараах мэдээллийг өгч байна.
Өнөөдөр Сөүл хотын Жүнбү цагдаагийн хэлтсийн гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн удирдлага, цагдаагийн ахмад, байцаагч нарын таван хүний бүрэлдэхүүнтэй баг тус төв дээр ирж уулзалт хийжээ.
Сүүлийн үед Монгол иргэдийн дунд гэмт хэрэг зөрчил ихээр нэмэгдэж, архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсний улмаас нутаг нэгтнийхээ амь насыг хохироосон онц ноцтой хэрэг гарч байгаатай холбогдуулан СЭРЭМЖЛҮҮЛЭГ хүргэх үүднээс Монгол тауны ойр орчимд гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх эргүүл хийн, сэрэмжлүүлэг зурагт хуудас тараах ажлуудыг манай төвтэй хамтран маргааш буюу 2020 оны долоодугаар сарын 17-ны өдөр 15:00 цагт зохион байгуулахаар төлөвлөж байна.
Монгол иргэддээ анхааруулахад та бүхэн хүний нутагт монгол хүний нэрээ хичээн архи согтууруулах ундааг зохистой хэрэглэн бусаддаа хүндэтгэлтэй хандан олноороо цуглан архидан согтуурхаас холуур байж алхам тутамдаа болгоомжтой сонор сэрэмжтэй ажиллаж амьдрахыг сануулж анхааруулж байна.
Жүнбү цагдаагийн хэлтэс болон манай төв нь хамтран хоёр жил гаруйн хугацаанд сар бүр “Монгол таун” ойр орчмоор эргүүл хийн сэрэмжлүүлэг хуудас тарааж байсан ба Covid-19 цар тахал өвчний дэгдэлт идэвхжин, дээрх эргүүлийн ажил 2020 оны хоёрдугаар сараас түр зогссон байсан тул үргэлжлүүлэн явуулахаар тохиролцов.
Мөн өнөөдөр буюу 16-ны өдөр 16:00 цагаас 18:00 цагийн хооронд Монгол тауны урд Үри банкны баруун талд Гуанхидун хорооны (광희동 동사무소) байранд “Корона халдварт өвчний шинжилгээг үнэ төлбөргүй авах тул визтэй болон хууль бусаар хөдөлмөр эрхэлж буй иргэд та бүхэн үнэ төлбөргүй шинжилгээнд хамрагдана уу” гэжээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.