Халдварын эрсдэлийн үнэлгээний түвшин өндөр гарчээ

Халдварын эрсдэлийн үнэлгээний түвшин өндөр гарчээ

Мэргэжлийн байгууллагууд Монгол Улсын хүн амын дунд коронавирусний халдварын тархалтын үнэлгээ хийхэд өндөр эрсдэлтэй түвшинд байгааг дүгнэжээ.

Энэ талаар ЭМЯ-ны шуурхай хэвлэлийн хурлын үеэр ХӨСҮТ-ын Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа ярив. Хэвлэлийн хуралд ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, Шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл оролцож, сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Иргэд шинжилгээ өгөхөд www.119.mn сайтад гэмтлээс болоод саатлаа гэсэн хариу өгч байна. Энэ сарын 4-нд өгсөн хүний хариу гараагүй. Орон нутгийн иргэд 10-ны дотор гарч амжих уу? Шинжилгээ өгөөгүй байхад “сөрөг” гэсэн мэдээлэл ирсэн нь ямар учиртай вэ?

Д.Нарангэрэл: Сайт гацсантай холбоотой иргэдэд чирэгдэл учирсан. ЭМЯ-наас тухай бүрт нь залруулаад явж байгаа. Энэ шинжилгээ 72 цагийн хугацаанд хүчинтэй. Маргаашийн хэвлэлийн хурлаар 119.mn сайттай холбоотой мэдээллийг танилцуулъя.

-Эрсдэлийн дараагийн үнэлгээ хэзээ гарах вэ?

А.Амбасэлмаа: Эрсдэлийн үнэлгээг 8 байгууллагын 20 гаруй мэргэжилтэн хийсэн. Монгол Улсад нийт хүн амын дунд тархах эрсдэлийн үнэлгээ хийхэд өндөр эрсдэлтэй түвшинд гарсан. Өндөр эрсдэлтэй үед ямар хариу арга хэмжээ авах, оролцогч байгууллагын санал, дүгнэлт, зөвлөмжийг бичээд УОК-т өнөөдөр хүргүүлнэ.

-ЭМЯ сайт дээр гарсан Архангай аймгийн мэдээлэлд халдвар хамгааллын дэглэм алдагдаж, эмч, ажилтнууд нь хөлдөө том тор уясан, хамгаалалтын хувцасгүй харагдсан. Орон нутагт халдвар хамгааллын хувцас, хэрэгсэл хүрэлцээтэй байгаа юу?

Д.Нарангэрэл: Зураг хараагүй учир хариу хэлж мэдэхгүй юм. Тусгаарлалтын хамгаалалт, ариутгал халдваргүйжүүлэлтийг бүх шатанд зохион байгуулж байгаа.

А.Амбасэлмаа: Архангай аймгийн хувьд хамгаалах хувцас хэрэгсэл хүрэлцээтэй. Тус аймагт ЗӨСҮТ-ийн лаборатори болон ХӨСҮТ-ийн мэргэжилтнүүд ажилласан. Бүгд хувийн хамгаалах хувцас, хэрэгсэлтэй байгаа. Хүрэлцээ хангалттай. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.