Мексикт халдварын 18670 тохиолдол илэрч, 1506 хүн нас барсан

Мексикт халдварын 18670 тохиолдол илэрч, 1506 хүн нас барсан

Мексикт коронавирусний халдварын улмаас нас барсан хүний тоо пүрэв гарагт Энэтхэгийн ижил үзүүлэлтийг давжээ. Ингэснээр Мексик халдвараар нас барсан тохиолдлын тоогоороо дэлхийн улс орнуудаас гуравдугаарт жагсаж эхэлжээ.

Мексикт сүүлийн 24 цагийн хугацаанд халдварын 18670 тохиолдол илэрч, 1506 хүн нас барсан гэж тус улсын Эрүүл мэндийн яам мэдээлжээ. Ийнхүү Мексикт халдвар авсан хүний тоо 1 825 519-т, нас барсан хүний тоо 155 145-д хүрсэн байна.

Харин Мексикээс 10 дахин олон хүн амтай Энэтхэгт “COVID-19” халдварын улмаас 153 847 хүн нас барсныг “Reuters” агентлагийн тоон мэдээлэл харуулжээ. Гэсэн хэдий ч халдвараар нас барсан тохиолдлыг хүн амын тоотой харьцуулсан үзүүлэлтээр Мексик нь Их Британи, Чех, Итали, АНУ, Перу, Испани зэрэг улсын араас бичигдэж байгаа юм.

Мексикийн Засгийн газар халдварын тархалтыг сааруулахын тулд хязгаарлалтын арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж буйг үл харгалзан тус улсад халдвараар нас барсан хүний тоо олноор нэмэгдсэн хэвээр байна. Мөн Мехико хотод эмнэлгүүдийн ачаалал хэтрэх дөхөж, хүчилтөрөгчийн нөөцлүүр хомсдож байгаа нь өвчтөнүүдийг эмчлэхэд хүндрэл учруулах болжээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.