БНСУ-д “COVID-19”-ийн вакцинжуулалт энэ сарын 26-наас эхэлнэ
БНСУ-д шинэ коронавирусний эсрэг вакцинжуулалтыг “AstraZeneca” компанийн вакцинаар энэ сарын 26-наас эхлүүлнэ гэж тус улсын эрүүл мэндийн байгууллагын удирдлагууд даваа гарагт мэдээллээ. Гэвч вакцины үр дүнтэй холбоотой мэдээллүүдийг харгалзан өндөр настнуудад тарих хугацааг түр хойшлуулахаар болжээ.
Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвийн мэдээлснээр, Их Британи, Шведийн “AstraZeneca” компани, Оксфордын их сургуулийн хамтран гарган авсан вакцины эхний хэсгээр асрамжийн газар гэх мэт өндөр эрсдэлтэй газруудын ажилтан, өвчтөнүүдийг дархлаажуулах бөгөөд ингэхдээ 65-аас доош насны хүмүүсийг хамруулах ажээ.
Өндөр настнуудыг вакцинжуулах хугацааг хойшлуулахаар шийдвэрлэсэн нь эхний ээлжид буюу энэ оны 2-3 дугаар сард эмнэлгийн ажилтнууд, өндөр настнуудыг оролцуулан 760 мянган хүнийг дархлаажуулах вакцинжуулалтын төлөвлөгөөнд саад учруулж болзошгүй байна.
“Сувилал, асрамжийн газар, нөхөн сэргээх төвийн 272 мянган ажилтан, өвчтөнийг “AstraZeneca”-гийн вакцинаар эхний ээлжид дархлаажуулна” гэж Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төв мэдээлжээ.
БНСУ есдүгээр сар гэхэд хүн амынхаа 70 хувийг дархлаажуулахыг зорьж байгаа бөгөөд ингэснээр 11 дүгээр сар гэхэд “сүргийн дархлаа” тогтоно хэмээн үзэж байгаа ажээ.
Засгийн газар Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын “COVAX” хөтөлбөр болон гадаадын дөрвөн эмийн компанитай гэрээ байгуулснаар 56 сая хүнийг дархлаажуулахад хүрэлцэх вакцин авахаар хэдийн тохиролцжээ.
Мөн Хүнс, эмийн аюулгүй байдлын асуудал хариуцсан яам “AstraZeneca” компанид вакциныхаа эмнэлзүйн гуравдугаар үе шатны туршилтад оролцож буй 18-аас дээш насны хүмүүсийн мэдээллийг танилцуулах нөхцөлтэйгээр өнгөрсөн долоо хоногт зөвшөөрөл олгожээ.
Гэвч тус яам “AstraZenеca”-гийн вакцин 65-аас дээш насны хүмүүст ямар үр дүн үзүүлж байгаа талаар мэдээлэл хангалтгүй байна гэж үнэлгээний ажлын хэсэг дүгнэснийг харгалзан уг бүлгийн хүмүүст вакцин хийх хугацааг хойшлуулжээ.
Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвийн дарга Жон Юн Кёны мэдээлснээр, 65-аас дээш насны иргэдэд энэ оны хоёрдугаар улиралд “AstraZenеca” юм уу АНУ-ын “Novavax” компанийн вакциныг тарих төлөвтэй байгаа ажээ.
“AstraZenеca”-гийн вакцин өндөр настнуудад үр дүнтэйг батлах мэдээлэл дутмаг байгаатай холбоотойгоор уг вакциныг 65-аас дээш насны хүмүүст хийх эсэхтэй холбоотой маргаан үүсээд байгаа юм. Өнгөрсөн долоо хоногт Европын эмийн агентлагийн шинжээчдийн хороо “AstraZenеca”-гийн вакциныг 18-аас дээш насныханд хийхийг зөвлөжээ.
Гэвч Герман, Франц тэргүүтэй Европын хэд хэдэн орон уг вакцины үр дүнтэй холбоотой мэдээлэл хангалтгүй байгааг харгалзан залуучуудад хийхийг хязгаарлана гэдгээ мэдэгдэж, өндөр настай хүмүүст тарихын эсрэг байр суурьтай байгаагаа илэрхийлжээ. Мөн Швейцар, Өмнөд Африк зэрэг орон вакцины талаарх нэмэлт мэдээлэл шаардлагатай гэж үзэн зөвшөөрөл олгохоо хойшлуулсан байна.
БНСУ-ын Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвийн мэдээлснээр, гуравдугаар сарын 8-наас “COVID-19” халдвар хүндээр илэрсэн өвчтөн олонтой эмнэлгүүдийн 354 мянган ажилтныг дархлаажуулах эхлэх ажээ. Мөн бага эмч нар, тусгаарлалтын ажилтнууд зэрэг галын шугамд ажиллаж буй бусад ажилтныг гуравдугаар сарын 22-ноос вакцинжуулахаар төлөвлөжээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.