БНСУ хүн хоорондын зай барих дэглэмийг сулруулахаар шийдвэрлэжээ

БНСУ хүн хоорондын зай барих дэглэмийг сулруулахаар шийдвэрлэжээ

БНСУ-ын засгийн газар нийгмийн зай барих түвшинг Сөүлийн бүс болон бусад мужид тус бүр нэг нэгжээр бууруулахаар өчигдөр шийдвэрлэжээ. Гэхдээ ковид-19 цар тахлын халдварын тархалтыг зогсоохын тулд тав болон түүнээс дээш тооны хүн нэг дор цуглахыг хориглох шийдвэрийг хэвээр хадгалж, сонор сэрэмжээ сулруулахгүй юм байна.

Ирэх даваа гарагаас эхлэн энэ сарын 28-ныг хүртэл Сөүлийн бүсэд нийгмийн зай барих түвшинг одоо байгаа гуравдугаар зэргээс 2-р зэрэг рүү шилжүүлэх, бусад мужуудад 1.5-р зэрэг рүү бууруулахаар болсныг эрүүл мэндийн яам нь мэдэгджээ. Энэ дагуу Сөүлийн бүсийн ресторан, хоолны газар, бялдаржуулах төв болон бусад олон нийтийн газруудын цагийн хуваарийг нэг цагаар сунгаж, үдшийн 22 цаг хүртэл үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрөх юм байна. учир нь тус улсын жижиг бизнес эрхлэгчдийн цар тахлын хязгаарлалт, хөл хорионоос үүдэж, эдийн засгийн хүнд байдалд орж байгаа гэсэн гомдол санал нэмэгджээ. Үүний зэрэгцээ улс орон даяар урлаг соёлын байгууллагуудыг үйлчлүүлэгчдээ заавал амны хаалт зүүлгэх, хүн хоорондын зайг баримтлах зэрэг хязгаарлалтын гол журмуудыг дагаж мөрдүүлэх нөхцөлтэйгээр үйл ажиллагааг нь үдшийн 22 цаг хүртэл явуулах зөвшөөрөл олгох юм байна. Сөүлийн бүсэд гэхэд даваа гарагаас эхлэн хувийн боловсролын байгууллага, театр гэх мэт 480 гаруй мянган байгууллага аж ахуй нэгж хуучин цагийн хуваарьтай шилжихээр болж байгаа юм байна.

Тус улсын эрүүл мэндийн яам хүн хоорондын зай барих дэглэмийг сулруулж байгаа ч цар тахлын үеийн дэглэмийг иргэд болон аж ахуй нэгжүүд ягштал дагаж мөрдөхгүй бол халдварын тархалт эргээд нэмэгдэх эрсдэл өндөр байна. Хэрвээ тархалт эргээд нэмэгдвэл дахиад нийгмийн зай барих хязгаарлалтын түвшинг ахиулна гэдгээ анхааруулжээ. Тус улсын засгийн газар энэ сарын 26-наас эхлэн коронавирусний эсрэг хүн амаа дархлаажуулах аяныг эхлүүлэхээр төлөвлөж байгаатай холбогдуулан вакцины үр нөлөө аюулгүй байдлыг судалж байгааг ерөнхий сайд нь мэдэгдсэн байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.