Бразилын зүүн хойд нутгийн Бахиа мужид “COVID-19”-ийн вакцины хоёр дахь тунг хийлгэхээсээ өмнө коронавирусний халдвар авсан тохиолдол гарчээ.
“Globo” телевизээр мэдээлж буйгаар, Хятадын “Sinovac Biotech” компанийн “Coronavac” коронавирусний вакцины эхний тунг бүс нутагтаа хамгийн түрүүнд хийлгэсэн эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудын нэг болох 53 настай Мария Анжелика де Карвальо Собриньо гэгч эмэгтэй халдвар авсан байна. Уг эмэгтэй эмнэлэгт хүргэгдсэн бөгөөд биеийн байдал нь тогтвортой байгаа аж.
Тэрбээр вакцины хоёр дахь тунг хоёрдугаар сарын 16-нд хийлгэх ёстой байсан боловч бие нь муудаж, эмнэлэгт хүргэгджээ. Түүнийг эдгэрсний дараа вакцины хоёр дахь тунг хийх аж.
Бразилд явуулсан эмнэлзүйн туршилтуудаар “Coronavac” вакцин дунджаар 50.38 хувийн үр дүн үзүүлжээ. Харин вакцины хоёр дахь тунг хийлгэснээс хойш 20 хоногийн дараа хамгаалах түвшин нь нэмэгддэг байна. Үүнээс гадна, “Globo” телевизээр мэдээлж буйгаар, “Coronavac” вакциныг хийлгэж, “COVID-19”-ийг эсэргүүцэх дархлаатай болсон хүмүүс халдвар тараадаггүй гэсэн нотолгоо одоог хүртэл байхгүй хэвээр байгаа аж.
Коронавирусээс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын аян Бразилд нэгдүгээр сарын 18-нд эхэлжээ. Одоогийн байдлаар тус улс хүн амаа дархлаажуулахад Хятадын “Sinovac Biotech”, Их Британи-Шведийн “AstraZeneca” компанийн вакциныг хэрэглэж байгаа юм. Хоёрдугаар сарын 22-ны оройны байдлаар хүн амынх нь 2.83 хувь буюу 6 сая хүн вакцины эхний тунг хийлгэсэн бол 1.7 сая хүн (0.6 хувь) хоёр тунг хоёуланг нь тариулжээ.
Өнгөрсөн долоо хоногт Бразилын томоохон хотуудад вакцины хомсдол үүссэний улмаас дархлаажуулалтыг түр зогсоосон байна.
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.