ФҮКҮШИМА-1: Цөмийн ослоос хойш 10 жил өнгөрөв.

ФҮКҮШИМА-1: Цөмийн ослоос хойш 10 жил өнгөрөв.

Яг арван жилийн өмнө энэ өдөр Японы зүүн эрэгт тус улсын түүхэн дэх хамгийн хүчтэй буюу 9 баллын хүчтэй газар хөдлөлт болсон билээ. Хэдхэн минутын дараа эрэг ормын хотуудыг цүнами нөмөрч, удалгүй “Фүкүшима-1” атомын цахилгаан станц дээр дэлхий дээрх хамгийн аймшигтайд тооцогдсон цөмийн осол болов.

томын цахилгаан станц газар хөдлөлтийн дохиог авсан даруйд цөмийн реакторууд автоматаар унтарч, хөргөлтийн шуурхай системийг ажиллуулж эхэлжээ. Гэвч 15 метр давлагаа хаалтыг давж, станцыг усанд автуулснаар хөргөлтийн системд гэмтэл гарч, цацраг идэвхт бодис агаарт цацагдахад хүргэсэн байна. Улмаар 2-3 хоногийн дотор 150 мянган хүнийг яаралтай нүүлгэн шилжүүлэх арга хэмжээ авч байжээ. Энэ ослоос хойш 10 жил өнгөрсөн ч ослын бүс өнөө хэр хоосон хэвээр. Хүмүүс гэртээ буцаж ирэхээс айж байгаагаас гадна хэдэн их наяд иен зарцуулсан гамшгийн үр дагаврыг арилгах ажил дуусах болоогүй л байна.

Яг юу болсон бэ?

“Фүкүшима-1” атомын цахилгаан станц Японы зүүн эргийн Фүкүшима мужийн Окүма хотод байрладаг. Токио хотоос 220 км зайтай.

2011 оны гуравдугаар сарын 11-нд орон нутгийн цагаар 14.46 цагт атомын цахилгаан станцаас 95 км зайд орших Сендай хотод асар хүчтэй газар хөдлөв. Эрэг орчмын хотуудын оршин суугчдад цүнамигийн аюулын дохио ирснээс хойш амиа аврах 10 минут байжээ.

“Фүкүшима-1” АЦС-ын эрчим хүчний нөөц үүсгүүр, зай зэрэг тоног төхөөрөмж байршуулсан байсан хонгил хоромхон зуур усанд автсаны улмаас АЦС цахилгаангүй болж, улмаар хөргөлтийн систем ажиллагаагүй болжээ.

Мөн оны гуравдугаар сарын 15-ныг хүртэл цөмийн реактор дахь дэлбэрэлтээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг өдөр шөнөгүй авчээ. Мөн өдрийн шөнө 03.00 цагт АЦС удирдлагад нөхцөл байдал аюултай түвшинд хүрсэн тухай мэдээлж, станцын нутаг дэвсгэрээс аврагчдын шуурхай нүүлгэн шилжүүлэв. Өглөөний 06.10 цагт станцын гуравдугаар блокт асар хүчтэй дэлбэрэлт болжээ.

Хэдэн хүн хохирсон бэ?

АЦС дээр хүн амиа алдаагүй. Дэлбэрэлтийн улмаас станцын 16 ажилтан гэмтэл авч, олон арван ажилтан туяанд өртжээ. Осол гарсан өдөр гурван ажилтныг эмнэлэгт хүргэсэн байна.

Гэхдээ нүүлгэн шилжүүлэх ажиллагааны улмаас хүнд өвчтэй 50 хүн нас баржээ. Эмч нарын үнэлгээгээр, биеийн болон сэтгэцийн стрессийн улмаас 2300 орчим хүн цаг бусаар хорвоог орхисон байна. Тэдний ихэнх нь өндөр настнууд байв. Гэхдээ эдгээр үхэл АЦС дээрх осолтой холбоотой гэдгийг албан ёсоор тогтоогүй байна.

2018 онд Япон АЦС-ын ослын үр дагаврыг арилгахаар ажиллаж байсан хүн цацраг туяанд өртсөний улмаас нас барсныг анх удаа хүлээн зөвшөөрсөн. Түүний нэрийг өнөө хэр зарлаагүй. Гэр бүлд нь нөхөн төлбөр олгосон байна.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас 2013 онд гаргасан илтгэлд АЦС дээр гарсан осол тус бүс нутагт хорт хавдрын өвчлөлийг эрс нэмэгдэхэд нөлөөлөхгүй гэж дурджээ.

“Фүкүшима-1” АЦС-ын осолд цөмийн ослын олон улсын шаталбараар хамгийн өндөр зэрэглэлийг олгожээ. Яг ийм зэрэглэлийг Чернобылийн АЦС-ын осолд олгосон байдаг.

Асар хүчтэй газар хөдлөлт, цүнамигийн улмаас Японд 18.5 мянган хүн амиа алдаж, ор сураггүй алга болжээ. Хагас сая хүн орон гэргүй болсон байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.