Меган Марклыг буруутгасан телевизийн хөтлөгч ажлаасаа халагджээ...

Меган Марклыг буруутгасан телевизийн хөтлөгч ажлаасаа халагджээ...

Их Британийн хунтайж Харригийн гэргий Меган Маркл “ITV” телевизид гомдол гаргасантай холбоотойгоор тус телевизийн хөтлөгч Пирс Морган албан тушаалаасаа чөлөөлөгджээ.

Опра Уинфритэй хийсэн ярилцлагын үеэр хэлсэн Марклын нэг ч үгэнд итгэхгүй байна хэмээн Морган мэдэгдсэний дараа энэ бүхэн болсон хэмээн “ITV” телевизийн тоймч Крис Шип ярьсан байна.

Пирс Морганы хэлсэн үг сэтгэцийн эрүүл мэндийн асуудалд хийгээд амиа хорлох тухай боддог хүмүүст хэрхэн нөлөөлж болзошгүй тухай үзэл бодлоо Меган “ITV” телевизийн ерөнхий захиралд илэрхийлсэн хэмээн Шип “Твиттер” хуудастаа тэмдэглэжээ.

“ITV” телевизээр ярилцлага өгөх үеэрээ Меган Маркл хэд хэдэн шуугиан дагуулсан мэдэгдэл хийсэн юм. Тодруулбал, жирэмсэн байхдаа хааны гэр бүл, олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн төлөөлөгчидийн дарамт шахалтанд өртсөний улмаас амиа хорлох тухай бодол үе үе орж ирдэг байсан тухайгаа Меган дэлгэн ярьжээ. Африк гаралтай америк тэрбээр мөн арьсны өнгөөр ялгаварлан гадуурхах үзэл гаргасан хэмээн нөхрийнхөө төрөл садныг буруутгажээ. Хосууд ийнхүү үнэнээ өчсөн нь хааны гэр бүлийн нэр хүндэд томоохон цохилт болж, Букингемийн ордон асуудлыг нухацтай авч үзэхээ амласан юм.

Хөтлөгч Морган “Өглөөний мэнд, Их Британи” нэвтрүүлэгтээ Марклын илэн далангүй байдалд огт итгэхгүй байгаагаа ярьсан бөгөөд хөтөлбөрийн дараа тэрбээр 40 мянга гаруй гомдол хүлээн авчээ. Үзэл бодлоо илэн далангүй илэрхийлдэг байдлаараа тэрбээр дэмжигчиддээ үнэлэгддэг хэдий ч энэ удаад шүүмжлэгчид нь түүнийг сэтгэл санааны гүн хямрал, амиа хорлох бодлыг ноцтой асуудал гэж харахгүй байна хэмээн буруутгасан байна. Алдартнуудын дунд сэтгэл зүйн асуудлаа ярих хэв маяг дэлгэрсэн талаар тэрбээр өмнө нь нэг бус удаа ярьж байсан аж. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.