Сиднейд “зуун жилд тохиогоогүй” гамшиг нүүрлэж болзошгүй байгааг анхаарууллаа
Австралийн Шинэ Өмнөд Уэльс мужид хүчтэй аадар бороо үргэлжлэн орж буйтай холбоотойгоор үерийн гамшиг нүүрлэж болзошгүй байгаа тул Сидней хотын олон хэсгийн оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэхийг үүрэг болгожээ.
Эрх баригчид нам дор газар амьдардаг бүх хүнд нүүхийг зөвлөжээ. Мөн Шинэ Өмнөд Уэльсийн тэргүүн сайд Глэдис Бережиклян мужийн хойд эргийн нутгаар “зуун жилд тохиогоогүй” гамшиг нүүрлэж болзошгүй байгааг өнөөдөр анхааруулсан байна.
Бямба гарагт Сиднейн усны гол эх үүсвэр болох “Варрагамба” далан сүүлийн жилүүдэд анх удаа хальжээ. Шинэ Өмнөд Уэльст үерийн уснаас олон арван хүнийг авраад байгаа бөгөөд гамшгийн улмаас хүний амь нас эрсдэж болзошгүй байгааг анхааруулжээ.
Мөн Г.Бережиклян Сиднейн өөр олон мянган оршин суугчийг нүүлгэн шилжүүлэх үүрэг өгч магадгүй байгааг сэрэмжлүүлжээ. Одоогийн байдлаар олон зуун хүн муж даяар байгуулсан нүүлгэн шилжүүлэх төвүүдэд хэдийнээ цугларсан байна.
Үүний зэрэгцээ мужийн Онцгой байдлын газрын удирдлагууд байгалийн гамшиг нүүрлэсэн хэсгүүд дэх сургуулиуд даваа гарагт хичээллэх боломжгүй байх төлөвтэй байгааг анхааруулж, оршин суугчдаас гэрээсээ ажиллахыг хүсжээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.