ХБНГУ вакцинжуулах хөтөлбөрөө өргөжүүлнэ

ХБНГУ вакцинжуулах хөтөлбөрөө өргөжүүлнэ

Германы эрх баригчид Улаан өндөгний баярын дараа ерөнхий мэргэжлийн эмч нарыг дайчлан, вакцинжуулах хөтөлбөрөө өргөжүүлэхээр тохирсон байна. Герман улс одоогоор вакцинжуулах хөтөлбөрт зориулсан вакцины тусгай төвүүдэд иргэдээ вакцинжуулж байгаа юм.

Тус улсын Засгийн газар тусгай төвүүдэд төвлөрөх нь вакцинжуулалтыг хэтэрхий удаашруулж байна гэсэн олон нийтийн шүүмжлэлд өртөөд байгаа юм байна.

Германы Канцлер Ангела Меркель 16 мужийн захирагч нартай зөвлөгөөн хийсний дараа Герман улс цар тахлын эсрэг хүн амаа дархлаажуулах аяныг илүү уян хатан байдлаар, хамгийн нягт нямбай хэрэгжүүлэх болно гэж мэдэгджээ.

Ирэх сарын эхээр болох Улаан өндөгний баярын дараа Герман улс вакцины нийлүүлэлтээ нэмэгдүүлж, ерөнхий мэргэжлийн эмч нарыг вакцины хөтөлбөртөө дайчлах юм байна. Тус улс 7 хоног тутамд хамгийн багадаа 2.25 сая тун вакцин хийхээр тооцож байгаа юм байна.

Германы Канцлер Ангела Меркель “Астразенекагийн вакциныг хийлгэхдээ тун таатай байх болно. Гэхдээ би миний ээлж дараалал ирэхээр вакцинаа хийлгэнэ” гэж мэдэгджээ.

Тэрбээр ард иргэдээ уриалах зорилгоор Германы Засгийн газрын сайд нар Астразенекагийн вакциныг дарааллаас өмнө хийлгэх нь зүйтэй гэсэн мэдээллийг няцаасан байна. Харин тэрбээр Засгийн газрын өндөр албан тушаалтнууд өндөр настай хүмүүс болон хөгжлийн бэрхшээлтэй, хүнд өвчтэй хүмүүсийг нэн тэргүүнд вакцинд хамруулах төлөвлөгөөний урдуур дараалал дайрч вакцин хийлгэхгүй гэдгийг онцолжээ.

Ангела Меркелийн хувьд энэ 7 хоногт Герман болон Европын холбооны зарим орнуудад Астразенекагийн вакцины хэрэглээг түр хориглосон явдал вакцинжуулах хөтөлбөрийн эрчийг тэгж их сулруулсан гэж үзэхгүй байгаа юм байна. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.