ДЭМБ халдвараар нас барсан тохиолдлын тоо дахин нэмэгдэж буйг анхаарууллаа
Дэлхий даяар “COVID-19” халдварын улмаас нас барсан тохиолдлын тоо зургаан долоо хоног дараалан буурсны дараа дахин өслөө гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ даваа гарагт мэдээллээ.
ДЭМБ-ын “COVID-19”-ийн асуудал хариуцсан дарга Мария Ван Керховегийн мэдээлснээр, “COVID-19” халдварын тохиолдол сүүлийн таван долоо хоног дараалан нэмэгдээд буй энэ үед нас барсан тохиолдлын тоо ийнхүү өсжээ.
“Өнгөрсөн долоо хоногт халдварын тохиолдлын тоо 8 хувиар өссөн бол Европт 12 хувиар өслөө. Их Британид анх илэрсэн коронавирусний хувилбар дэлхийн олон оронд тархаж байгаа нь халдварын үзүүлэлтүүд өсөхөд нөлөөлж байна” гэж М.Керхове мэдээлэв.
Өнгөрсөн долоо хоногт ДЭМБ-ын зургаан бүсийн дөрөвт нь халдварын тохиолдлын тоо өмнөх долоо хоногийнхоос өсжээ. Тодруулбал, Зүүн Өмнөд Азид 49 хувиар, Номхон далайн баруун бүсэд 29 хувиар, Газар дундын тэнгисийн бүсэд 8 хувиар өссөн бол Америк, Африкт буурсан байна.
“COVID-19” халдвараар нас барсан тохиолдлын тоо зургаан долоо хоног дараалан буураад байсан боловч өнгөрсөн долоо хоногт өслөө. Халдварын тохиолдлын тоо нэмэгдэж байсан тул ийм нөхцөл байдал үүсэхийг таамаглаж байсан боловч энэ нь сэтгэл түгшээсэн дохио юм” гэж М.Керхове мэдээлжээ.
Үүний зэрэгцээ ДЭМБ-ын Эрүүл мэндийн онцгой байдлын асуудал хариуцсан дарга, доктор Майкл Райан хязгаарлалтын арга хэмжээнүүдээ сулруулж буй орнуудад хандан уриалга гаргажээ. Тэрбээр хязгаарлалтыг сулруулахтай зэрэгцэн халдварын тохиолдлыг илрүүлэх, вакцинжуулах үйл ажиллагааг эрчимжүүлэх хэрэгтэйг онцлон тэмдэглэжээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.