АНУ-ын 12 муж улсын ерөнхий прокурорууд “Facebook”, “Twitter” компанийг буруутгажээ.
“COVID-19”-ийн вакцин аюултай гэх буруу ташаа мэдээлэл нийгмийн сүлжээгээр тархаж буйг зогсооход тун бага хүчин чармайлт гаргаж байна гэж АНУ-ын 12 муж улсын ерөнхий прокурорууд “Facebook”, “Twitter” компанийг буруутгажээ.
“Анагаах ухааны мэдлэг хомс, ихэвчлэн санхүүгийн ашиг хонжоо хайдаг “вакцинжуулалтыг эсэргүүцэгчид” нь нийгмийн сүлжээнүүдийг ашиглан “COVID-19” халдварын аюулыг үл тоомсорлосон, вакцинжуулалтын эрсдэлийг дэвэргэсэн мэдээллийг түгээж байна” гэж “Facebook” компанийн гүйцэтгэх захирал Марк Цукерберг, “Twitter” компанийн гүйцэтгэх захирал Жек Дорси нарт илгээсэн захидалд дурдсан байна.
Тиймээс вакцины талаарх буруу ташаа мэдээллийг устгах, анхааруулах зэргийг дүрэм журамдаа тусгахыг нийгмийн сүлжээний компаниудад уриалжээ.
Ерөнхий прокуроруудын захидалд тэмдэглэснээр, вакцинжуулалтыг эсэргүүцэгчид “Facebook”, “Instagram”, “Twitter” дэх вакцины эсрэг агуулга бүхий контентуудын 65 хувийг хянаж байгаагаас гадна тэдгээр нийгмийн сүлжээнд болон “Google” компанийн “YouTube” платформд 59 сая гаруй дагагчтай байгаа ажээ.
Үүнтэй холбогдуулан “Facebook” компанийн хэвлэлийн төлөөлөгч Дэни Левер, “Манай компани “COVID-19” болон вакцины талаарх буруу ташаа мэдээлэл бүхий олон сая нийтлэлийг устгаад байгаагийн зэрэгцээ “вакцинд үл итгэх байдалтай” тэмцэх үүднээс эрүүл мэндийн байгууллагын мэдээллийг авахыг хэрэглэгчдээсээ хүсэж байна” гэж мэдэгджээ.
Мөн “Twitter” компани “COVID-19”-ийн талаарх бодлоготойгоо холбогдуулан 22400 гаруй жиргээг устгаж, дэлхий нийтэд хор хохирол учруулж болзошгүй агуулга бүхий контентуудыг устгахыг эн тэргүүнд тавьж байгаагаа мэдэгдсэн байна.
Энэхүү захидалд Коннектикут, Делавэр, Айова, Массачусетс, Мичиган, Миннесота, Нью-Йорк, Хойд Каролина, Орегон, Пенсильвани, Род-Айленд, Виржиниа муж улсын ерөнхий прокурорууд гарын үсэг зуржээ.
М.Цукерберг, Ж.Дорси болон “Google”-ийн эцэг компани болох “Alphabet”-ийн гүйцэтгэх захирал Сундар Пичаи нар өнөөдөр Төлөөлөгчдийн танхимын хоёр дэд хороонд цахим орчин дахь буруу ташаа мэдээлэлтэй тэмцэх талаар тайлагнах ажээ.
Дэлхий даяар өнөөдрийн байдлаар 124 сая гаруй хүн коронавирусээр халдварлаж, 2.7 сая гаруй хүн нас барсан байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.