Жо Байден өмнөд хилд ирж буй цагаачдын урсгалыг зохицуулахыг үүрэг болгожээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден өмнөд хилд ирж буй цагаачдын урсгалыг зохицуулахыг дэд Ерөнхийлөгч Камала Харрист үүрэг болгожээ.
Ж.Байден дэд Ерөнхийлөгчид “хүндхэн ажлыг” даалгаж буйгаа мэдэгдсэн хэдий ч түүнийг хамгийн сайн гүйцэтгэнэ гэж үзэж байгаагаа илэрхийлсэн байна.
АНУ-ын өмнөд хилд ирэх цагаачдын тоо Ж.Байденыг Ерөнхийлөгчийн албан тушаалыг хашиж эхэлснээс хойш ихээхэн нэмэгдэх болоод байгаа юм. Мөн цагаачдыг саатуулах байранд асран хамгаалах хүнгүй олон зуун хүүхэд байгаа ажээ.
Ерөнхийлөгч асан Дональд Трампын засаг захиргааны хувьд АНУ-Мексикийн хил дээрх насанд хүрээгүй цагаачдыг зохицуулж буй бодлогынхоо улмаас олон нийтийн хүчтэй шүүмжлэлд өртдөг байсан юм.
Харин Ж.Байдены засаг захиргаа нэгдүгээр сараас асран хамгаалагчгүй хүүхдүүдийг нутаг буцаах бодлогыг цуцалж, тэднийг АНУ дахь хамаатан садных нь гэр лүү юм уу асран халамжлахыг зөвшөөрсөн айл руу илгээх болжээ.
Гэсэн хэдий ч Ж.Байденыг шүүмжлэгчдийн үзэж буйгаар, түүний бодлого хууль бус цагаачлалыг ихээхэн нэмэгдэхэд хүргэсэн байна.
Энэ оны хоёрдугаар сард АНУ-ын Гааль, хилийн хамгаалалтын алба хаагчид өмнөд хилд 100 мянга гаруй хүнийг саатуулсан нь өмнөх сарынхаас 28 хувиар өссөн үзүүлэлт болжээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.