“Токио-2020” олимпын галт бамбарын буухиа өнөөдрөөс эхэлжээ
Японы Фүкүшима аймгийн Нараха хот дахь Үндэсний бэлтгэлийн төв “J-village” -аас “Токио-2020” зуны олимпын XXXII наадмын галт бамбарын буухиа аялал өнөөдрөөс эхэллээ.
Жилийн өмнө Грекийн ариун дагшин Олимп уулын бэлнээ асаасан “Мөнхийн гал”-ыг Японд авчирсан ч цар тахлын улмаас “Токио-2020” хойшлогдсон тул Токио дахь Олимпын музейд хадгалагдаж байсан билээ.
Олимпын галт бамбарын буухиаг зүгээр ч нэг Фүкүшимагаас эхлүүлээгүй. Өдгөөгөөс 10 жилийн өмнө Японд болсон аймшигт газар хөдлөлт, цунамигаас хамгийн их хохирол амссан энэ л газраас, дэлхий дахиныг нөмөрсөн цар тахлын хүнд үед “Hope Lights Our Way” буюу “Итгэл найдвар бидний замыг гэрэлтүүлнэ” хэмээх уриатай Олимпын галт бамбарын буухиа эхэлж буй нь бэлгэдэлтэй, ерөөлтэй.
121 хоногийн туршид Японы бүх 47 аймаг, 857 хот, суурин газрыг туулан долдугаар сарын 23-нд Олимпын цэнгэлдэхэд морилох Олимпын галт бамбарыг 10 мянга гаруй хүн буухиалах юм.
Өнөөдөр орон нутгийн цагаар 09:00 цагаас гарааны ёслол болжээ.
Олимпын бамбар нь Японы үндэсний бэлгэдэл болсон Сакура (cherry blossom) цэцгийн дэлбээний загвартай, 71 см өндөр, 1,2 кг жинтэй гэнэ. Бамбарын бүтцийн 30 хувьд 2011 оны байгалийн гамшгийн дараа барьж байсан нийтийн түр хоргодох байрны бүтцэд ашиглагдаж байсан хөнгөн цагааныг дахин боловсруулсан материал оролцуулж, алдарт Шинкансэн хурдны галт тэрэгний үйлдвэрлэлт ашигласан технологоор бүтээсэн байна.
Мөн түүхэнд анхны устөрөгчийн хүчийг ашигласан галт бамбар болох юм.
Хүмүүн төрөлхтөн цар тахлыг ялан дийлэх их баяр, эв нэгдэл, найрамдлын бэлгэдэл болох “Токио-2020” олимпийн наадмын галт бамбар та бидэнд гэрэл гэгээ, итгэл авчрахаар айсуй.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.