Хүн амаа хэтэрхий удаан вакцинжуулж байна гэж Европыг шүүмжилжээ.

Хүн амаа хэтэрхий удаан вакцинжуулж байна гэж Европыг шүүмжилжээ.

"Европт вакцинжуулалт дэндүү удаан явагдаж байгаа бөгөөд нөхцөл байдал өмнөхөөсөө илүү дордож, халдварын тоо нэмэгдсээр байна. Европын орнууд иргэдээ аль болох хурдан вакцинжуулахгүй бол дахин хөл хорио тогтоохоос өөр аргагүй болно" хэмээн ДЭМБ анхааруулав.

ДЭМБ чухам юу гэж мэдэгдэв?

“Вакцин бол цар тахлаас мултрах цорын ганц арга. Гэсэн ч Европт вакцинжуулалт хэтэрхий удаан явагдаж байгаа нь бүх хүний хувьд цар тахал үргэлжлэх хугацааг нь сунгаж байна” гэж ДЭМБ-ын захирал Ханс Клюг ярьжээ.

“Улс орнууд вакцины үйлдвэрлэлээ нэмэгдүүлж, захирамжид дурдагдсан бүх тунг ашиглахыг шаардаж байна. Эс бөгөөс Европт тусгаарлалт, хөл хорио илүү удаан үргэлжилнэ” гэж тэрбээр мөн мэдэгдэв.

Европт юу болж байна вэ?

Гренландаас Оросын Алс Дорнод хүртэл үргэлжлэх дэлхийн 50 гаруй улсыг хамарсан ДЭМБ-ын бүсийн Европын дийлэнх оронд коронавирусээр халдварласан тохиолдол нэмэгдэж байна. ДЭМБ-ын мэдээлснээр, сүүлийн долоо хоногт 1.6 сая шинэ тохиолдол бүртгэгдсэн бол халдварын улмаас 24 мянга орчим хүн нас баржээ.

Тус бүс нутагт 900 сая гаруй хүн оршин суудгаас 10 хувь нь л вакцины эхний тунг хийлгэжээ.

Нийт халдвар авсан хүний тоо 45 сая давсан бол нас барагсдын тоо нэг саяд дөхөж байна.

Европын 50 улсаас 27-д нь хөл хорио өөр хоорондоо ялгаатай түвшинд үйлчилж байна.

Европт вакцинжуулалт яагаад ийм удаан явагдах болов?

Европын Холбооны хүн амын 16-хан хувь нь вакцин хийлгэжээ. Эхлээд ЕХ “AstraZeneca” компанитай гэрээ байгуулах гэж яараагүй тул нийлүүлэлт нь хойшлогджээ. Харин “Pfizer-BioNTech”, “Moderna” компаниудтай гэрээ байгуулснаар үйлдвэрлэлийн хүчин чадал дутмаг, нийлүүлэлт нь хугацаанаасаа хоцорч байсан аж.

ЕХ-ны зарим байгууллага ч мөн вакцин хэрэглэх гэж яарсангүй. Түүнчлэн зарим орон “AstraZeneca”-н вакциныг хэрэглэхээ түр зогсоогоод байсан бол өөр нэг нь тус компанийн вакцинаар настай иргэдийг вакцинжуулахаа хязгаарласан юм.

Гэсэн ч ДЭМБ, Европын эмийн агентлаг “AstraZeneca” болон бусад вакцины ашиг тус, үр дүн нь эрсдэлээсээ хавьгүй өндөр гэж мэдэгдсэн билээ.

ЕХ-нд багтдаггүй улс орнуудын хувьд ч мөн вакцинжуулалт удаашралтай явагдаж байна. Тухайлбал, "Спутник V" вакцинтай ОХУ-д бараг л хаа сайгүй вакцин хийлгэх боломжтой ч хүн амынх нь 5 хүрэхгүй хувь нь вакцинжуулалтад хамрагджээ.

Европт одоогоор...

Францад гурав дахь удаагийн орон даяар тогтоосон хөл хорио бямба гаргаас хэрэгжиж эхэллээ. Хөл хорио дөрвөн долоо хоног үргэлжилнэ.

Германд Улаан өндөгний баярын дараа 35 мянга орчим эмч хувийн эмнэлгүүдэд вакцин хийлгэнэ. Энэ кампанит ажлыг эхлүүлэхийн тулд 1.4 сая тун вакцин захиалжээ.

Нидерланд тавдугаар сард болох “Eurovision” уралдаанд бэлдэж байна. Уралдааныг 3500 үзэгчтэйгээр явуулна.

Австрийн нийслэл Венад болон өөр хоёр мужид эмнэлгийн ачааллыг буруулах зорилгоор Улаан өндөгний баярын хөл хориог нэвтрүүлжээ. Австричууд гэртээ байж, зөвхөн ажилдаа явах, спортоор хичээллэх, хүнсний бүтээгдэхүүн авахдаа л гарч болох аж.

Хилийн чанадад аялахыг хүссэн хүмүүс вакцины паспортоо авах хэрэгтэй талаар Их Британид яригдаж байна. Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон энэ талаар даваа гарагт дэлгэрэнгүй мэдээлэл өгөх аж.

 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.