БНХАУ-ын Фужянь мужийн Шаньган тойргоос “үлэг гүрвэлийн бүжгийн талбай” илрүүлжээ.
БНХАУ-ын судлаачид зүүн нутгийн Фужянь мужийн Шаньган тойргоос үлэг гүрвэлийн маш олон тооны мөр бүхий “үлэг гүрвэлийн бүжгийн талбай” илрүүлжээ.
“Энэхүү “бүжгийн талбай” нь 100 метр хавтгай дөрвөлжин талбайг хамарсан малтлагын газар байсан бөгөөд анх үлэг гүрвэлийн 200 орчим мөр илрүүлээд байсан” гэж Хятадын Газарзүйн шинжлэх ухааны их сургуулийн палеонтологич, судалгааны багийн гишүүн Шин Лида мэдээлсэн байна.
Үлэг гүрвэлийн мөрнүүдийг анх өнгөрсөн 11 дүгээр сард олсон бөгөөд тухайн үед 240 гаруй мөр илрүүлжээ. Харин дөрөвдүгээр сарын эхээр өөр 364 мөрийг олсон байна. Одоогийн байдлаар 1600 орчим хавтгай дөрвөлжин метрийг хамарч буй талбайгаас үлэг гүрвэлийн 600 гаруй мөрийг илрүүлжээ. Энэхүү газар нь Шаньган тойргийн Луншян тосгонд байрладаг байна.
Шин Лидагийн мэдээлснээр, малтлагын ажил үргэлжлэх тусам үлэг гүрвэлийн мөрний тоо олширч, 1000 давах төлөвтэй байгаа ажээ. 80 сая жилийн настай эдгээр мөрийг Сауропод, том жижиг Теропод, Орнитопод зэрэг наад зах нь найман үлэг гүрвэлийнх гэж үзэж байгаа гэнэ.
Шинээр илрүүлсэн мөрнүүдийн дунд урт хүзүү, сүүлтэй, 20 метр өндөр биетэй, өвсөн тэжээлт том Сауроподын мөр байжээ. Мөн 10 см хүрэхгүй урттай хөлийн мөрийг нэг метр орчим өндөртэй шувуун хөлт үлэг гүрвэлийнх гэж үзэж байгаагаа Шин Лида мэдээлжээ.
Судлаачид энэхүү талбайг Цэрдийн галавын өмнөх үед хамаарах үлэг гүрвэлүүдийн ул мөрийг агуулсан, Хятадаас олдсон хамгийн том, хамгийн олон төрлийн олдвор бүхий талбай гэж үзэж байна.
Энэхүү газрын геологийн бүтэц нь энэ хэсэг үлэг гүрвэлүүдийн хоол хүнсээ идэж, ус уудаг байсан ундны усны эх үүсвэртэй ойролцоо байсныг харуулж байна гэж Фужянийн Геологогийн судалгааны төвийн дэд дарга Чэнь Руньшэн мэдээлжээ. Цаашид судалгаа үргэлжлэхийн хэрээр мөрнөөс гадна бусад олдвор олдож магадгүйг тэрбээр нэмж хэлжээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.