ОХУ АНУ-ын ЭСЯ-ны ажилтнуудыг нутаг буцаана
Москва хот дахь АНУ-ын Элчин сайдын яамны /ЭСЯ/ 10 ажилтныг үл таашаагдах этгээдээр /персонами нон грата/ зарласан тухай ноот бичгийг тус улсын Элчин сайдын орлогч Барт Горманд лхагва гарагт хүргүүллээ гэж ОХУ-ын Гадаад хэргийн яам /ГХЯ/ мэдэгджээ.
АНУ-ын ЭСЯ-ны эдгээр ажилтан тавдугаар сарын 21-ний дотор ОХУ-ын нутаг дэвсгэрээс гарах ёстой байна. Америкийн тал Вашингтон дахь ЭСЯ болон Нью-Йорк дахь Ерөнхий консулын газрынх нь ажилтнуудыг үндэслэлгүйгээр үл таашаагдах этгээдээр зарласны хариуд ОХУ-ын ГХЯ ийм арга хэмжээ авчээ.
АНУ-ын хориг арга хэмжээний хариуд ОХУ удахгүй цаашдын арга хэмжээ авна гэж ГХЯ мэдэгдсэн байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден ОХУ-д хориг арга хэмжээ авах тухай зарлигийг дөрөвдүгээр сарын 15-нд гаргасан билээ. Тодруулбал, ОХУ-ын Төв банк, Үндэсний баялгийн сан эсвэл Сангийн яамнаас энэ оны зургаадугаар сарын 14-нөөс хойш гаргасан өрийн хэрэгслийг худалдаж авахыг АНУ-ын компаниудад хориглосон. Түүнчлэн Вашингтон дахь ОХУ-ын ЭСЯ-ны 10 дипломатчийг нутаг буцаасан юм. Тэдний дунд "Оросын тагнуулын албаны төлөөлөгчид" байгаа гэж Америкийн тал үзэж байгаа аж.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.