ОХУ-д “Ковид-19” цар тахлын халдвар болон нас барсан тохиолдол ихэслээ.
Оросын холбооны улсад сүүлийн өдрүүдэд “Ковид-19” цар тахлын халдварын тархалт өсч, цар тахлын улмаас нас барах тохиолдол нэмэгджээ. Пүрэв гарагт л гэхэд ОХУ-д коронавирусний халдвар авсан 20100 гаруй шинэ тохиолдол, нас барсан 568 тохиолдол бүртгэгджээ.
Энэ нь өнгөрсөн нэгдүгээр сарын сүүлээс хойших хамгийн өндөр үзүүлэлтэд тооцогдож байна. Тус улсын эрх баригчид хүн амаа вакцинд хамруулахын төлөө уйгагүй чармайж байгаа хэдий ч энэ сарын эхээр “Ковид-19” цар тахлын тархалт эрс нэмэгдсэн. Ингэж эрс нэмэгдэхэд нэг талаас Оросын иргэдийн вакцинд итгэх итгэл сул байгаа байдал нөгөө талаас хурдан тархах чадвартай коронавирусний дельта хувилбарын халдвар орж ирсэн нь нөлөөлсөн гэж мэргэжилтнүүд нь үзэж байна.
Лхагва гарагийн байдлаар ОХУ-д дөнгөж 20.7 сая хүн буюу хүн амын 14 хувь нь л коронавирусний вакцины эхний тунг хийлгэсэн бол хүн амын 11 хувь буюу дөнгөж 16.7 сая хүн коронавирусний эсрэг вакцины бүрэн тунд хамрагджээ. Иймд Оросын 14 мужийн Засаг захиргаа тодорхой бүлгийн хүмүүсийг заавал коронавирусний эсрэг вакцинд хамрагдах журам мөрдөж ажиллаж байна. Тухайлбал, төрийн албан хаагчид болон жижиглэнгийн худалдаа, эрүүл мэнд, боловсрол, ресторан хоолны газар, бусад үйлчилгээний газруудын ажилчдыг коронавирусний вакцинд заавал хамрагдахыг шаардаж байна.
Мөн дээрх 14 мужийн дийлэнхэд нь компани аж ахуй нэгжүүд ажилчдынхаа дор хаяж 60 хувийг ойрын хэдэн сард багтаан вакцинд хамруулах үүрэг хүлээж байгаа юм. Энэ арга хэмжээ бага ч гэсэн үр дүнгээ өгч вакцинд хамрагдсан хүний тоо хоёр дахин өссөн гэж Оросын Засгийн газрын дэд сайд мэдэгджээ.
ОХУ-ын Засгийн газрын дэргэдэх “Ковид-19” цар тахалтай тэмцэх ажлын хэсгийн мэдээлснээр тус улсад цар тахал бүртгэгдсэнээс хойш коронавирусний халдвар авсан 5.3 сая тохиолдол, нас барсан 131 мянган тохиолдол бүртгэгджээ.
Цар тахлаас гадна энэ сард ОХУ-д цаг агаар хэт халж байна. Энэ сарын 23-нд буюу лхагва гарагт Москва хотын түүхэнд хамгийн халуун өдөр болжээ. Энэ өдөр Москвад цаг агаар цельсийн 34.8 хэмд хүрсэн юм.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.