Ираны дээд удирдагч дотооддоо үйлдвэрлэсэн коронавирусний вакцин хийлгэжээ
Ираны дээд удирдагч Аяатолла Аль Хаменей дотооддоо үйлдвэрлэсэн коронавирусний эсрэг вакцин хийлгэжээ. Ираны төв телевиз улсынхаа дээд удирдагчийн вакцин хийлгэж байгаа үйл явцыг үзүүлсэн байна.
Ираны Эрүүл мэндийн байгууллага дотооддоо үйлдвэрлэсэн коронавирусний вакциныг энэ сарын эхээр эмнэлзүйд хэрэглэхийг зөвшөөрсөн юм байна. Дээд удирдагч Аяатолла Аль Хаменей гадны улсын вакцин хийлгэхийг хүсээгүй, эрдэмтдийнхээ бүтээсэн вакциныг хийлгэх гэж багагүй хугацаанд хүлээсэн гэдгээ мэдэгджээ.
Мөн тэрбээр залуу эрдэмтдэдээ талархаж байгаагаа төв хэвлэлээрээ илэрхийлсэн байна. Өнгөрсөн нэгдүгээр сард Ираны дээд удирдагч АНУ-д үйлдвэрлэсэн коронавирусний вакциныг “найдваргүй” гэсэн шалтгаанаар импортлож авахыг хориглосон юм.
Харин Иран улс өнгөрсөн хоёрдугаар сараас хойш хүн амаа вакцинжуулахад Орос, Хятадын коронавирусний вакциныг хэрэглэж байгаа юм байна.
Сүүлийн өдрүүдэд Иран улсад "Ковид-19" цар тахлын халдвар нэмэгдэж, өдөрт ойролцоогоор 10 мянган халдварт шинэ тохиолдол бүртгэгдэж байгаа юм байна. Баасан гарагийн байдлаар Ираны хүн амын тав орчим хувь нь буюу 4.5 сая гаруй хүн коронавирусний вакцины эхний тунг хийлгэсэн байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.