ДЭМБ: Коронавирусний дельта хувилбар хамгийн хурдан тархаж байна

ДЭМБ: Коронавирусний дельта хувилбар хамгийн хурдан тархаж байна

ДЭМБ Энэтхэгт анх бүртгэгдсэн коронавирусний дельта хувилбар бусад хувилбаруудаас хамгийн хурдан халдварлаж байгааг анхааруулжээ. Өнөөдрийн байдлаар дельта хувилбар дэлхийн 85 улс орон, газар нутагт тархсан байна.

Дельта хувилбар коронавирусний эсрэг вакцинд хамрагдаагүй хүн амын дунд хамгийн хурдан тархаж байгаа нь ДЭМБ-ын санааг зовоож буйг тус байгууллагын Ерөнхий захирал Тедрос Адханом Гебрейесус хэвлэлийн хурлын үеэр онцолжээ.

Дельта хувилбараар халдварласан тохиолдол өвчлөлийг улам нэмэгдүүлж, эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдийн тоог өсгөж байна. Энэ нь халдвар авсан хүн нас барах эрсдэлийг улам нэмэгдүүлж байгаа гэсэн үг гэж ДЭМБ-ын тэргүүн анхааруулжээ.

ДЭМБ өмнө нь "Ковид-19" цар тахлын эсрэг хоёр тун вакцин дельта хувилбарыг эсэргүүцэх чадвар өндөр байна гэж мэдэгдэж байсан. Гэвч дэлхий даяар хийсэн 2 тэрбум гаруй тун вакцины маш бага хувийг эзэлж байгаа буурай орнуудад вакцины хүртээмж муу хэвээр байгаа нь дельта хувилбар хурдтай тархахад гол хүчин зүйл болж байна.

Коронавирусний халдварын тархалтыг зогсоож чадахгүй бол илүү олон хувилбар бий болох нөхцөл бүрдэнэ гэдгийг ДЭМБ-аас анхааруулж байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.