Хаитид байгалийн гамшигт үзэгдлийн улмаас амиа алдсан хүний тоо 2200 давжээ
Хаити улсын Ле-Ке хотод болсон 7.2 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүний тоо 2207-д хүрч нэмэгдлээ гэж тус улсын холбогдох албаны төлөөлөгчид ням гарагт мэдээлжээ.
Иргэний хамгаалалтын газрын мэдээлснээр, байгалийн гамшигт үзэгдлийн улмаас 50 мянга гаруй байшин барилга сүйдсэн бөгөөд 344 хүн сураггүй хэвээр байна. Үүний зэрэгцээ 12 мянга гаруй хүн гэмтэж бэртжээ.
НҮБ-ын тооцоогоор Карибын тэнгисийн арлын оронд болсон газар хөдлөлтөд нэг сая гаруй хүн нэрвэгдсэн байна. Мөн олон арван мянган байшин сүйдэж, оршин суугчид нь орон гэргүй болжээ.
Газар хөдлөлтийн голомт нийслэл Порт-о-Пренс хотоос баруун зүгт 125 орчим километр зайд оршдог суурингийн ойролцоо, 10 километрийн гүнд байсан гэж АНУ-ын Геологийн судалгааны төв мэдээлжээ.
Хүчтэй газар хөдлөлт болон далайн шуурганы улмаас зам, гүүр эвдэрч сүйдсэн нь тусламж дэмжлэгийг шаардлагатай газруудад хүргэхэд хүндрэл учруулаад байна. Үүнээс гадна бүлэглэлүүд цуваа руу халдаж, ачааны тэрэгнүүдийг барьцаалж байгаагийн улмаас ундны ус, хоол хүнс, эмнэлгийн нөөц хүргэх ажиллагаанд саад тотгор тулгарчээ.
Хаити улсын Ерөнхийлөгч Жовенель Моиз долоодугаар сарын 7-нд гэртээ амь насаа алдсанаас хойш тус улсад эмх замбараагүй байдал үүсээд байна. Уг халдлагын үеэр түүний эхнэр Мартин Моиз мөн шархаджээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.