Талибууд Афганистаныг удирдах зөвлөл байгуулахаар төлөвлөж байна.

Талибууд Афганистаныг удирдах зөвлөл байгуулахаар төлөвлөж байна.

Талибуудын удирдагчид Афганистаныг удирдах зөвлөл байгуулахаар төлөвлөж байна гэж “Foreign Policy” сэтгүүл уг хөдөлгөөний удирдагчдад ойр эх сурвалжуудын мэдээллээс эш татан уламжилжээ.

Эх сурвалжуудын мэдээлж буйгаар, уг зөвлөл 12 хүний бүрэлдэхүүнтэй байх бөгөөд өмнөх Засгийн газарт байсан зарим гишүүнийг оруулж магадгүй байна.

Зөвлөл дэх хамгийн нөлөө бүхий гурван хүн нь “Талибан”-ы улс төрийн жигүүрийн удирдагч Абдул Гани Барадар, уг хөдөлгөөнийг үүсгэн байгуулагч Мулла Омарын хүү, цэргийн комиссын дарга Моулави Якуб, мөн  хорлон сүйтгэх бүлэг болох “Хаккани сүлжээ”-ний толгойлогч, хээрийн командлагч Сиражуддин Хаккани нар болох ёстой гэнэ.

Талибууд Афганистанд Ерөнхийлөгчийн эсвэл ганцаар удирддаг​​ ямар нэгэн албан тушаалыг сэргээхийг хүсэхгүй байна гэж эх сурвалжууд онцлон хэлжээ. Ингэхдээ тэд АНУ-ын дэмжлэгтэй өмнөх Засгийн газрын зарим гишүүнд өөрсдийн сонгосон шинэ кабинетэд сайдын албан тушаалыг санал болгохоор төлөвлөж байгаа аж. Ийм янзаар “Талибан” хөдөлгөөнийхөн олон улсын хамтын нийгэмлэгт хүлээн зөвшөөрөгдөх боломжоо нэмэгдүүлэхийн тулд аль болох бүх талыг хамруулсан мэт харагдах Засгийн газар байгуулахыг хүсэж байна гэж эх сурвалжууд мэдээлжээ.

Талибууд мөн нэгэн цагт Умард эвслийн удирдагч байсан Панжшерийн арслан хочит алдарт хээрийн командлагч Ахмад Шах Масудын (1953-2001) хүү Ахмад Масудыг эрх барих зөвлөлд оруулахыг хүсэж байна гэж Барадар, Якуб нарт ойр эх сурвалжууд мэдээлжээ. Гэсэн хэдий ч Масуд одоо Афганистаны Панжшер мужид байрлаж буй, “Талибан” хөдөлгөөнийг эсэргүүцэх хүчнийг удирдаж байгаа тул энэ нь магадлал багатай юм.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.