Афганистан эмэгтэй нисэх онгоцонд амаржжээ

Афганистан эмэгтэй нисэх онгоцонд амаржжээ

Афганистанаас иргэдийг нүүлгэн шилжүүлэх нисэх онгоцонд зорчиж явсан нэгэн эмэгтэй амаржиж, охин төрүүлжээ.

АНУ-ын Агаарын цэргийн хүчний мэдээлснээр, афган эмэгтэй Германы Рамштайн агаарын цэргийн бааз руу нисэх чиглэлд амаржсан байна.

Тийнхүү нисэх онгоцыг газардсаны дараа эмнэлгийн ажилтнууд хөлгийн тавцан руу орж, нярайг эх барьж авчээ. Эх, хүүхдийг ойролцоох эмнэлэгт хүргэсэн бөгөөд биеийн байдал нь сайн байна.

Нислэгийн үеэр жирэмсэн эмэгтэйн бие “тавгүйрхэж” эхэлсэн бөгөөд нисгэгч онгоцон дахь агаарын даралтыг нэмэгдүүлэхийн тулд нам доогуур газраар ниссэн нь эхийн биеийн байдлыг тогтворжуулан сайжруулжээ.

“Талибан” хөдөлгөөн Афганистаны нийслэл Кабул хотыг хяналтдаа оруулсны дараа тус хотын олон улсын нисэх буудлын гадна олон мянган афган иргэн цугларч, улс орноо орхин явах боломж олдохыг хүлээсээр байна.

АНУ-ын цэргүүд одоогоор нисэх буудлын үйл ажиллагааг хариуцаж байгаа юм. Цагаан ордноос бямба гарагт мэдээлснээр, нисэх буудлаас 17 мянга орчим хүнийг нүүлгэн шилжүүлсэн байна.

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден энэ сарын 31 гэхэд бүх цэргээ Афганистанаас гаргахаар товлоод буй юм. Гэвч хэд хэдэн орон иргэд болон Өрнөдийн агентлагуудад ажилладаг афган ажилтнуудаа нүүлгэн шилжүүлэхэд туслуулах үүднээс уг товыг сунгах боломжийг эрэлхийлж байна. Тэдгээрийн хувьд, талибууд өшөө авах вий гэдгээс эмээж байгаа ажээ.

“Тэд одооноос эхлэн энэ сарын эцэс хүртэл 60 мянган хүнийг нүүлгэн шилжүүлэхийг хүсэж байна. Энэ нь огт боломжгүй юм” гэж Европын Холбооны Гадаад бодлогын асуудал хариуцсан төлөөлөгч Жозеп Боррель “AFP” мэдээллийн агентлагт бямба гарагт мэдээлсэн байна.

“Талибан” хөдөлгөөний хувьд нисэх буудалд эмх замбараагүй байдал үүссэнд АНУ-ыг буруутгаж байна. “Америк нисэх буудалд дэг журмыг тогтоож чадахгүй байна. Улс даяар энх тайван, тайван амгалан байхад Кабулын нисэх буудалд л эмх замбараагүй байдал үүсээд байна” гэж уг хөдөлгөөний төлөөлөгч Амир Хан Мутаки мэдэгджээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.