АНУ Афганистанаас 33 мянга орчим хүнийг нүүлгэн шилжүүлжээ
АНУ долоодугаар сарын эхнээс хойш Афганистанаас 33 мянга орчим хүнийг нүүлгэн шилжүүлснээс 28 мянга орчим нь наймдугаар сарын 14-ноос хойш тус улсыг орхисон гэж АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Цагаан ордонд сэтгүүлчидтэй уулзахдаа мэдэгджээ.
Байдений хэлснээр, АНУ Афганистанаас зөвхөн америкчуудыг төдийгүй НАТО -гийн гишүүн болон түнш орнуудын иргэд, дипломат ажилтнуудыг нүүлгэн шилжүүлж байгаа аж. "Наймдугаар сарын 14-нөөс өнөөдрийг хүртэл бид иргэний чартерийн нислэгийг оролцуулаад АНУ болон эвслийн нисэх онгоцуудаар 28 мянга орчим хүнийг нүүлгэн шилжүүлсэн. Долоодугаар сараас хойш нүүлгэн шилжүүлсэн хүний тоо 33 мянга орчим болж байна" гэж тэрбээр хэлээд АНУ Афганистаны иргэдийг ч мөн нүүлгэн шилжүүлж байгааг онцолсон байна.
Түүнчлэн өдөр бүр Кабулаас олон мянган хүнийг цэргийн болон иргэний нисэх онгоцуудаар нүүлгэн шилжүүлж байгааг онцлон тэмдэглэжээ. "Энэ амралтын өдрүүдэд бид 30 гаруй цагийн дотор 11 мянга орчим хүнийг нүүлгэн шилжүүллээ. Кабул дахь агаарын болон хуурай замын ажиллагаа өөрчлөгдөхөд энэ тоо өдрөөс өдөрт өөрчлөгдөнө" гэж Байден хэлсэн байна. Тэрбээр мөн Төрийн департамент Афганистанд байгаа америкчуудыг бүгдийг нь нүүлгэн шилжүүлэхийн тулд тэдэнтэй холбогдохыг оролдож байгааг ярьжээ.
"Кабулаас олон мянган хүнийг нүүлгэн шилжүүлэх ажил хэзээ эхэлснээс үл хамааран амаргүй бөгөөд бэрх байх болно. Ийм олон тооны хүнийг та бүхний зурагтаар харж байгаачлан зовлон бэрхшээл, хохиролгүйгээр нүүлгэн шилжүүлэх боломжгүй юм" гэж Цагаан ордны тэргүүн хэлэв.
Байдены хэлснээр, Афганистанаас хүмүүсийг нүүлгэн шилжүүлэхэд иргэний нисэх онгоцуудыг ашиглаж байгаа нь арилжааны нислэгт нөлөөлөх ёсгүй. "Агаарын тээврийн компаниуд энэ ажиллагаанд сайн дурын үндсэн дээр оролцож байгаа бөгөөд бид маш их талархаж байна. Нүүлгэн шилжүүлэх ажилд агаарын тээврийн томоохон компаниудын гурваас дөрвөн онгоц оролцож байгаа тул арилжааны нислэгт нөлөөлөхгүй бөгөөд эсвэл нөлөөлөх хэмжээ нь маш бага байх болно" гэж Байден хэлсэн байна.
Афганистаны нийслэл хотын нисэх онгоцны буудлаас нүүлгэн шилжүүлэх ажиллагааг наймдугаар сарын 31-нээс хойш үргэлжлүүлэх эсэхийг АНУ-ын засаг захиргаа хэлэлцэж байгаа боловч ийм шийдвэр гаргахгүй байх гэж найдаж байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.