Хонь чоно байтугай Хятад Америк нүүрснээс болж тэврэлдэж байна
Хятад улс хэрэгцээт эрчим хүчнийхээ 60 хувийг нүүрснээс гаргаж авдаг. Дээр нь ган үйлдвэрлэх, халаалтад хэрэглэх гээд тоочоод байвал зөндөө юм бий. Гэтэл Хятадын хамгийн том нүүрс олборлогч Шаньси мужийн 60 орчим уурхай энэ жил удаа дараа тохиолдсон үерт автаж хаалгаа бариад байгаа. Үүнтэй холбоотойгоор нүүрс хомсдож, сүүлийн сар гаруйн хугацаанд урд хөрш 20 гаруй муждаа тог цахилгааны хязгаарлалт хийгээд байна. Нүүрсний хамгийн том хэрэглэгчдийн нэг Хятад улсад ингэж хомсдол үүссэн шалтгаан ганц үер биш л дээ.
“Хуавэй” компанийн асуудлаас болж хятадууд нүүрсний хамгийн том нийлүүлэгч Австралитайгаа сүрхий муудалцсан. Улмаар Хятад худалдааны хориг тавьсанаар Австралийн нүүрс Япон, Өмнөд Солонгос, Энэтхэг, Вьетнам руу чиглэчихээд байгаа.
Уг нь 2020 онд Хятадын импортын 72.57 сая тонн коксжих нүүрсний 35.37 сая тонныг Австрали нийлүүлж байсан юм билээ. Манай улсын хувьд жилд дунджаар 32 сая орчим тонн коксжих нүүрс Хятадад нийлүүлдэг байлаа. Тэгвэл энэ оны эхний есөн сарын байдлаар 10.6 сая тонн нүүрс гаргасан байна. 35.8 хувиар буурсан үзүүлэлт л дээ. Дотооддоо ковидын халдварыг алдаж, хилээ нээж, хаасаар ийм байдалд хүрэв.
Мэдээж нэг талаас энэ том алимнаас хазах хүсэлтэй улс орнууд идэвхжиж эхлэх нь тодорхой. Нөгөөтэйгүүр хятадууд ч нүүрс олохын тулд буулт хийхэд бэлэн болсон байх. Жишээ нь, нэг жилийн өмнө Хятад руу ганц килограмм ч нүүрс импортолдоггүй байсан АНУ өнөөдөр манай урд хөршийн хамгийн том нүүрс нийлүүлэгч болчихоод байна. Сүүлийн долоон сарын дотор АНУ-аас Хятад руу хийх нүүрсний экспорт долоо дахин нэмэгдсэн байгаа юм даа.
Тодорхой хэлбэл, энэ оны эхний есөн сарын байдлаар Оросын нүүрсний компаниудын нийлүүлэлт энэ хугацаанд 77.4 хувиар нэмэгдэж, 7.7 сая тонн болсон байгаа юм. Тэгвэл ердөө зөвхөн есдүгээр сард АНУ 1.46 сая тонн нүүрс нийлүүлжээ. Канад мөн тодорхой хэмжээгээр нүүрс экспортолж эхэлсэн байна. Ерөнхий дүнгээрээ АНУ, Канадын нийлүүлж буй нүүрс Хятадад нүүрс нийлүүлдэг бүх улсыг ардаа орхисон гэсэн үг.
Сүүлийн хэдэн жил дэлхийн улс төрийн тавцан дээр Хятад, Америк хэмээх хоёр орон хэн нь хамгийн том гүрэн бэ гэдгээ үзэхээр хатуу тэмцэлдэж байгаа мэдээг л бид авдаг байлаа. Харилцан худалдааны татвараа нэмэгдүүлэх, элдэв бараа бүтээгдэхүүнийг хориглох зэргээр эдийн засгийн дайн явуулж байв. Том гүрнүүдийн эдийн засгийн тэмцэл дунд жижгүүд нь үрэгдчих гээд байдаг тал бий. Тиймээс энэ хоёр улсын дайсагнасан байдлыг хэвлэлийнхэн анхааран мэдээлж байсан хэрэг. Урьдын явдлаар дүгнэх юм бол Хятадын ийм хүнд хэцүү байдалд орсон үед чухам Америк л хамгийн түрүүнд орхих учиртай. Гэтэл нүүрс нийлүүлэн гар гараасаа бариад урагшаа алхаж байна.
Энэ хамтрал ганцхан дипломат харилцаа гэхээсээ гайхмаар их мөнгөн дүн дээр тогтож байгааг дуулгах нь монголчууд бидэнд харамсмаар зүйл шүү. Энэ жил коксжих нүүрсний үнэ дэлхийн зах зээл дээр тасралтгүй дээд амжилтаа шинэчиллээ. Тухайлбал, өнгөрсөн долоо хоногт Хятадын Жэнжоу хотын түүхий эдийн биржийн хамгийн идэвхтэй арилжааны үеэр эрчим хүчний нүүрсний үнэ тонн нь 0.4 хувиар өсөж 1835,6 юань буюу 287 ам.доллар болон өссөн байна. Арилжааны явцад 1982 юань буюу 302 ам.доллар хүрсэн боловч буураад дээрх үнийн дүнд хүрсэн гэж байгаа. 219 ам.доллар хүрэхэд нь л түүхэн дээд үнэ хүрлээ гэж байсан нүүрс шүү дээ. Арав хүрэхгүй хоногийн дотор ингэж өссөн байгаа юм. Магнитогорскийн төмөр, гангийн үйлдвэрийн тайланд дурдсанаар, Хятадын дотоодын зах зээлд коксжих нүүрсний үнэ нэг тонн нь бүр 510-520 ам.долларт хүрээд байгаа аж. Ийм үнэтэй барааг нийлүүлэхийг хүсэхгүй хэн байх вэ дээ.
Тиймээс оросууд ч зүгээр суухыг хүсэхгүй байгаа. Тэд Хятадад нийлүүлдэг нүүрсээ улам бүр ихэсгэхийг зорьж буй нь илт байна. “RT” агентлаг Москвагаас Бээжинтэй нийлүүлэх чулуужсан түлшний хэмжээгээ нэмэгдүүлэх талаар хэлэлцээ хийж байгаа тухай мэдээлжээ. БНХАУ-д суугаа ОХУ-ын Элчин сайд Андрей Денисов “Хятадын эдийн засаг цар тахлын хямралаас нэлээд хурдацтай сэргэж байгаа ч урьдчилан тооцоолоогүй бэрхшээлүүд тулгарсаар байна.
Өвлийн улирал эхлэх гэж буйтай холбоотойгоор Хятадын зүүн хойд хэсэг эрчим хүчний хомсдолтой тулгарч магадгүй байна. Тиймээс бидний зүгээс нүүрсний нийлүүлэлтээ нэмэгдүүлэх сонирхолтой байгаа бөгөөд энэ тал дээр анхаарч үзэхийг БНХАУ-ын холбогдох албанаас хүссэн. Манай тал нүүрсний нийлүүлэлтээ нэмэгдүүлэхэд бэлэн” гэжээ. Мөн тэрбээр илүү ихийг нийлүүлмээр байвч хилийн боомтуудын тээврийн хүчин чадал, тоног төхөөрөмжөөс болоод илүүг чадахгүй байгаагаа халаглан ярьсан байх аж. Түүнчлэн Орос, Хятад хамтран төмөр замын хоёр томоохон гүүр байгуулах замаар нүүрсний нийлүүлэлтийг улам ихэсгэхээр ажиллаж байгааг ч тус мэдээнд дурдсан байна лээ. Оросын удирдлагууд хийгээд дипломат ажилтнууд нь Хятадад нийлүүлэх нүүрсээ нэмэгдүүлэхийн тулд асар идэвхтэй ажиллаж байгааг энэ мэдээллүүд илтгэж байна.
Харамсалтай нь, энэ эрэлт хэрэгцээ хийгээд үнийн өсөлтөөс төдийлөн зулгааж чадахгүй үлдэж байгаа нь бид билээ. Хатуухан хэлэхэд монголчуудын ганц амин зуулга нь нүүрс л дээ. Үүнтэй одоо хэн маргах вэ. Оюутолгой, Эрдэнэт нийлээд зах зээлд байгаа арван төгрөг тутмын хоёрыг нь бүрдүүлдэг байх. Харин үлдсэн найман төгрөгийн долоо нь нүүрснээс орж ирж байгаа. Тэгвэл бид нүүрсний экспортоо нэмэхийн тулд яг хэрхэн чармайсан бэ.
Саяхан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ л арга буюу БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчянтай цахим уулзалт хийж халдвар хамгааллын арга хэмжээг сайжруулсны үндсэн дээр худалдааны голлох бүтээгдэхүүн болох нүүрсний экспортын хэмжээг нэмэгдүүлж, аж ахуйн нэгжүүд нүүрс худалдан авах урт хугацааны гэрээ байгуулахыг дэмжиж ажиллах талаар тохиролцож байж нэг жаахан урагшилсан байх. Түүнээс өмнө бол тээврийн жолооч нарын дунд байгаа ковидын халдвараа ч хумиж чадахгүй хэдэн сараар ангайн суусан биз дээ. Бодлогоор зохицуулж байх ёстой Зам, тээврийн хөгжлийн яам өчнөөн сар унтаа байлаа. Сүхбаатарын талбай руу хүнд даацын ачааны машинтай жолооч дайран орж байж, Ерөнхий сайд Засгийн газрын хурлаасаа салбарын сайдыг нь хөөн гаргаж байж л жаахан сэрсэн байх. Одоо УИХ-аар хэлэлцэж байгаа 2022 оны улсын төсвийн төсөлд 36.5 сая тонн нүүрс экспортод гаргана гэж төсөөлсөн байгаа.
Сангийн сайд Б.Жавхлан ч “Цонх үеийг ашиглана” гэж мэдэгдэж байна. Гэвч хойтон хавар болох Бээжингийн өвлийн олимптой холбоотойгоор хятадууд манай хил дагуу тун ч болгоомжтой хандах болсон. Өвлийн олимп зохион байгуулах гол бүс нь болохоор аргагүй байх. Манай улсаас Эрээн боомт хотод халдвар оруулсан гээд хаачихаад байгаа орон шүү дээ. Дээр нь манай нүүрс нийлүүлэх орон зайг АНУ, ОХУ нөхөж, нийлүүлэлтээ улам нэмэн урагшилж байна.
Уг нь бол өчнөөн жилийн өмнө урд хөрш рүү нүүрс гаргах төмөр зам тавих боломж бидэнд байсан. Тэгсэн бол өдийд АНУ биш Монгол Улс Хятадад хамгийн их нүүрс нийлүүлж буй орон байх байсан юм. Монголчууд урагшаа гарсан төмөр замтай байсан бол өдийд хөгжиж дэвшсэн байдаггүй юм гэхэд хүн шиг амьдрах нөхцөл бүрдэх байлаа. Яагаад барьж чадаагүйг бол улиг болтол бичсэн дээ. Ерөнхийлөгч асан Х.Баттулга нар нэгэн цагт нарийн царигийн төмөр замаар хятад цэрэг орж ирнэ хэмээж явсан гунигт дууллыг одоо дахиад дуулах уу, яах уу. Дараа нь “Эрдэнэс Тавантолгой”-н ашгаар урагш нь биш хөндлөн төмөр зам тавьсан тухай ярих хэрэг байна уу даа. Бараг нэг оронд зэрэгцээд хэвтэж байгаа Хятадад бидний давуулан Оросууд, далайг давуулан Америкууд нүүрс нийлүүлж, энэ нь цаашдаа тогтворжих шинжтэй болчихлоо шүү гэдгийг л дуулгая.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.