ОХУ-д ковидын нөхцөл байдал МАШ ХҮНД байна
-Москва орчимд хоногт 500 гаруй амьсгалын аппарат шаардагдаж байна-
Хойд хөрш ОХУ-д коронавирусний халдварын нөхцөл байдал хүнд байна. ОХУ-д сүүлийн 7 хоног дараалан халдварын тоо хоногт 30 мянгыг давж, нийслэл Москва хотод энэ сарын 28-наас арваннэгдүгээр сарын 7-ны хооронд иргэдийг цалинтай амраах шийдвэр гаргасан юм.
МУЖУУД ХЯЗГААРЛАЛТЫН АРГА ХЭМЖЭЭ ТОГТООЖ ЭХЛЭВ
Тэгвэл өчигдөр /2021.10.26/ Москва мужид коронавирусний халдварын нөхцөл байдлын улмаас хязгаарлалтын шинэ арга хэмжээг авчээ. Энэ талаар Москва мужийн захирагч Андрей Воробьёвын мэдэгдэлд өгүүлжээ.
Тухайлбал, аравдугаар сарын 28-наас арваннэгдүгээр сарын 7-ны хооронд ресторан, кафе, гоо сайхны салон, фитнесс клубүүд, кино театруудын үйл ажиллагааг хязгаарлалаа. Түүнчлэн спорт, зугаа цэнгэлийн болон QR системтэй бусад арга хэмжээнд оролцох хүний тоог 50 хүртэл хязгаарлажээ.
Москвад энэ сарын 28-наас арваннэгдүгээр сарын 7-ныг дуустал амралтын өдөр байх тогтоолыг хотын мэр гаргасан билээ. Журмын хэрэгжилтэд Москва хотын дарга Сергей Собянин хяналт тавих аж. Москвад хоногт 7000 гаруй тохиолдол батлагдаж байгаа билээ.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин аравдугаар сарын 30-наас арваннэгдүгээр сарын 7-ныг ажлын бус өдөр гэж зарлаад “Бүс нутгийн эрх баригчид аравдугаар сарын 30-наас өмнө ажлын бус өдрүүдийг нэмж тогтоох эрхтэй” гэсэн юм.
ХОНОГТ 502 ХҮНД АМЬСГАЛЫН АППАРАТ ШААРДАГДЖЭЭ
Москва мужийн захирагч Андрей Воробьёв «Россия 1» телевизэд ярихдаа “Москва мужид коронавирусний халдвартай хүмүүст хоногт 500 гаруй хиймэл амьсгалын аппарат шаардагдаж байгаа. Одоогоор Москва орчимд 10 мянга орчим орыг ковидын халдвартай хүмүүс эзэлж байна” гэжээ.
ОХУ-д одоо тархаж байгаа вирус нь хурдан хугацаанд тархдаг, хүчтэй вирус гэж мэргэжилтнүүд ярьжээ. Вирус 2-3 хоногт тархдаг бөгөөд уушгийг ихээр гэмтээж байгаа аж.
Энэ сарын 26-ны байдлаар Москва орчимд хиймэл амьсгалын аппаратны хэрэглээ хамгийн өндөр тоонд хүрчээ. Хоногт 502 хиймэл амьсгалын аппарат шаардлагатай болсон талаар Москва мужийн захирагч Андрей Воробьёв ярьж байна.
ӨВЧЛӨГСДИЙН 80 ХУВЬ НЬ ВАКЦИНД ХАМРАГДААГҮЙ
Москва мужийн захирагчийн ярьснаар нийслэл хот орчимд коронавирусний халдвараар өвчлөгсдийн 80 хувь нь вакцин хийлгээгүй хүмүүс байгаа аж.
Воробьёв “Москва орчимд амралтын өдрүүдээрээ театр, музей ороход QR кодтойгоор, амны хаалттай үйлчлүүлэх аж.
ОХУ-д нийт халдварын болон хоногт илэрсэн халдварын тоогоороо Москва хот тэргүүлж байна. Москва хот, Санкт-Петербург, Москва муж, Нижегород муж халдварын тохиолдлоороо тэргүүлж буй.
Москвад нийт нас баралтын 31 мянга орчим нь, Санкт-Петербургт 23 мянга гаруй, Москва мужид 8500 гаруй нь бүртгэгджээ.
Нийт 146 171 015 хүн амтай ОХУ-д вакцинд хамрагдсан нийт хүний тоо одоогоор 52 861 352 болжээ. Энэ нь нийт хүн амын 36.2 хувь нь юм. Вакцины бүрэн тунд 47 905 303 иргэн буюу хүн амын 32.8 хувь нь хамрагдаад байгаа бол нийт 100 766 655 тун вакциныг тарьжээ.
ОХУ өнөөдрийн байдлаар /2021.10.27/ ковидын халдварын тоогоороо дэлхийд тавдугаарт жагсаж байна. Хойд хөршид нийт 8 316 019 хүн буюу нийт хүн амын 5.7 хувь нь өвчилснөөс 232 775 хүн нас баржээ. Эдгэрсэн хүний тоо 7 213 584 буюу хүн амын 86.7 хувийг эзэлж байна.
ОХУ-д одоогоор 869 660 хүн ковидын халдварын улмаас эмчлүүлж байна. Сүүлийн өдрүүдэд хоногт 36-37 мянга гаруй хүн өвчилж байгаа юм.
ТАСС агентлагийн мэдээлснээр, ОХУ-ын Засгийн газар иргэдийнхээ вакцинд хамрагдах идэвхийг нэмэгдүүлэх зорилгоор вакцин хийлгэсэн хүмүүсийн дунд хонжвортой сугалаа зохион байгуулж байгаа аж. Есдүгээр сарын 1-нээс арванхоёрдугаар сарын 1-ний хооронд үргэлжлэх сугалаагаар нийт 1000 ялагч тодруулж, ялагч тус бүрд 100 мянган рублийн хонжвор олгох гэнэ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.