Автомат жолоодлоготой хурдны шинкансэн галт тэргийг анх удаа туршлаа.
Японы төмөр замын “JR East” компани автомат жолоодлоготой хурдны шинкансэн галт тэргийг анх удаа туршлаа.
“NHK” сувгийн мэдээлснээр, туршилтыг шөнийн цагаар Нийгата мужид хийсэн байна. Ингэхдээ галт тэрэгний машинист бүрэлдэхүүний толгой вагонд удирдах самбарт хүрэлгүй хяналт тавьж явжээ. Е7 серийн дугаартай хурдны галт тэргийг хяналтын төвөөс удирдсан байна.
Туршилтын явцад шинкансэн 110 км/ц хурд авч, ямар нэгэн алдаа, ноцтой нөхцөл байдал үүсээгүй байна. Таван км зам туулсны дараа шинкансэн зогсохдоо зогсоолын зурвасаас найман см хэтэрсэн байна. Зөвшөөрөгдсөн дээд хэмжээ нь 50 см байдаг аж. “JR East” компани жолоочгүй галт тэрэгний зогсолтыг техник нь хүнийхтэй “бараг ижил” хэмээн мэдэгдээд цаашид улам боловсронгуй болгох тал дээр хүчин чармайлт гаргана гэж амлажээ.
Японы хүн ам эрчимтэй хөгширч байгаа тул ирээдүйд ажиллах хүчин, ялангуяа машинистуудын хомсдолд орж болзошгүй хэмээн болгоомжлон жолоочгүй галт тэрэг ашиглахаар төлөвлөж байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.