АНУ болон Япон улсын хамтарсан тэнгисийн цэргийн сургуулилт эхэллээ
АНУ болон Японы тэнгисийн цэргийнхэн газар нутгийн маргаантай бүс нутаг болох Өмнөд Хятадын тэнгист хамтарсан цэргийн сургуулилтаа эхлүүллээ. Японы тэнгисийн хүчний мэдээлж байгаагаар, холбоотон орнууд, Өмнөд Хятадын тэнгист анх удаа шумбагч онгоцтой сургуулилт хийж байна. Мөн энэ удаагийн сургуулилтын гол зорилго нь ч шумбагч онгоцыг эсэргүүцэх, усан доогуур шумбагч хөлгийг хянах явдал юм.
Японы талаас энэ удаагийн сургуулилтад шумбагч онгоцноос гадна 2 сөнөөгч хөлөг болон эргүүлийн онгоцтой оролцож байгаа бол Америкийн талаас сөнөөгч болон эргүүлийн онгоцнуудаа илгээжээ.
Сонирхуулахад, БНХАУ, Өмнөд Хятадын тэнгист цэргийн бааз байгуулахын тулд хиймэл арал барих зэргээр өөрийн оролцоогоо нэмэгдүүлсээр байна. Харин АНУ Өмнөд Хятадын тэнгисийг хамарсан Энэтхэг-Номхон далайн бүс нутагт энх тайван, аюулгүй байдлыг хангахад чиглэсэн сургуулилт хийж байна гэж шинжээчид харж байгаа.
Мөн энэ сургуулилтын зорилгыг 2 орны хамтын ажиллагаа, Энэтхэг-Номхон далайн чөлөөт бүсийг бий болгох, БНХАУ-д хяналт тавих зорилготой болов уу гэж таамаглаж байна. Өмнөд Хятадын тэнгисийн газар нутгийн маргаанд Хятадаас гадна, Вьетнам, Филиппин, Малайз, Бруней зэрэг улс, мөн Тайвань арал оролцдог.
Энэ бүс нутаг нь, стратегийн чухал ач холбогдолтой бүс нутгаас гадна, эрчим хүч, далайн ан амьтдын баялгийн нөөцтэй. Тус бүс нутгаар жил бүр далайн нийт ачаа тээврийн 90 гаруй хувь нь дамжин өнгөрдөг.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.