БНХАУ, АНУ сэтгүүлчдийн визийн талаар тохиролцоонд хүрчээ
БНХАУ, АНУ хоёр орны хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөгчдөд таатай нөхцөл бүрдүүлэхийн тулд сэтгүүлчдэд нэг жилийн хугацаатай олон удаагийн виз олгох тэргүүтэй гурван тохиролцоонд хүрсэн гэдгийг БНХАУ-ын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч лхагва гарагт батлан мэдэгджээ.
“Олон үе шат бүхий хэлэлцээний дүнд БНХАУ, АНУ харилцан бие биеэ хүндэтгэх, харилцан солилцох, харилцан ашигтай ажиллах зарчимд тулгуурласан гурван тохролцоонд хүрсэн” гэж ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Жао Лижянь өдөрт тутмын хэвлэлийн бага хурлын үеэр сэтгүүлчдийн асуултад хариулах үеэрээ хэлжээ.
Талууд нөгөө улсдаа ажиллаж буй хоёр орны сэтгүүлчдийг холбогдох хууль тогтоомж, консулын дүрэм журмыг чанд баримтлан тухайн улс руу хэвийн нэвтрэх, орхин явах нөхцөлөөр хангахаар тохиролцсон гэж тэрбээр мэдээлсэн байна.
Мөн талууд нөгөө улсын сэтгүүлчдэд нэг жилийн хугацаатай олон удаагийн виз олгохоор тохиролцсон бөгөөд АНУ-ын тал Хятадын сэтгүүлчдэд олгодог статусын хугацаатай холбоотой асуудлыг зохицуулах үйл явцыг нэн даруй эхлүүлэхээ амлажээ. Хятадын тал ч мөн үүний хариуд ижил зохицуулалтыг хийхээ мэдэгдсэн байна. Түүнчлэн хоёр тал холбогдох хууль, дүрэм журмын дагуу тавигдах шаардлагыг хангасан шинэ сэтгүүлчдэд эрх тэгш нөхцөлөөр виз олгох ажээ.
Хоёр талын хүчин чармайлтын дүнд хүрсэн эдгээр тохиролцоо нь талуудын ашиг сонирхолд нийцэж байгааг Жао Лижянь цохон тэмдэглээд, АНУ хоёр орны хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнуудад ажиллаж, амьдрах таатай нөхцөлийг үргэлжлүүлэн бий болгохын төлөө Хятад улстай хамтран ажиллаж, өгсөн амлалтандаа хүндэтгэлтэй хандаж, холбогдох бодлогуудыг аль болох ойрын хугацаанд хэрэгжүүлнэ гэдэгт найдаж байгаагаа илэрхийлжээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.