БНСУ-д “COVID-19” халдварын 109 831 тохиолдол илэрсэн.
БНСУ-д коронавирусний халдварлах чадвар өндөр “омикрон” хувилбар хурдацтай тархаж байгаатай холбоотойгоор улсын хэмжээнд өдөрт илэрсэн халдварын шинэ тохиолдлын тоо цар тахал дэгдсэнээс хойш анх удаагаа 100 мянга давлаа.
Засгийн газар цар тахлын үр дагаварт нэрвэгдээд буй жижиг бизнес эрхлэгчдийг дэмжихийн тулд зай барих журмыг хэсэгчлэн сулруулах гэж байгаа тул халдварын тохиолдол үргэлжлэн нэмэгдэж болзошгүй байна.
Солонгосын Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвийн мэдээлснээр, сүүлийн 24 цагийн хугацаанд “COVID-19” халдварын 109 831 тохиолдол илэрсний 109 715 нь дотоодод халдварлаж, ийм тохиолдлын нийт тоо 1 755 806-д хүрчээ.
Мөн хугацаанд халдвараар нас барсан тохиолдлын тоо 45-аар нэмэгдэж, 7283-т хүрсэн нь халдварын нийт тохиолдлын 0.41 хувьтай тэнцэж байна. Түүнчлэн “COVID-19”-өөр халдварласан хүнд өвчтөнүүдийн тоо 313 байгаа нь өмнөх өдрийнхөөс дөрвөөр буурсан байна. Энэ үзүүлэлтийн хувьд сүүлийн таван хоног дараалан 300 даваад байгаа юм.
БНСУ-д “омикрон” хувилбар хурдацтай тархах болсны улмаас сүүлийн долоо хоногуудад коронавирусний өвчлөл эрс нэмэгдэх болоод байгаа юм. Тодруулбал, улсын хэмжээнд өдөрт шинээр илрэх халдварын тохиолдлын тоо хоёрдугаар сарын 10-нд анх удаа 50 мянгад хүрснээсээ хойш ердөө долоо хоногийн дараа ийнхүү хоёр дахин нэмэгдээд байна.
Халдварын тохиолдлын тоо ийнхүү эрс өсөж байгааг үл харгалзан Засгийн газар энэ долоо хоногийн амралтын өдрүүдээс кафе, зоогийн газруудын ажиллах цагийг нэг цагаар сунгаж, 22 цаг хүртэл ажиллахыг зөвшөөрөхөөр шийдвэрлэсэн нь өвчлөл улам нэмэгдэх вий гэх болгоомжлолыг төрүүлэх болжээ.
“COVID-19” халдвартай тэмцэх арга хэмжээг чангатгасан нь борлуулалтыг бууруулж байгаа талаар гомдол мэдүүлж буй жижиг болон хувиараа бизнес эрхлэгчдийн хүчтэй эсэргүүцэлтэй тулгараад буй үед дээрх шийдвэрийг гаргажээ. Ийнхүү хэсэгчлэн сулруулсан хязгаарлалтыг энэ бямба гаргаас ирэх гуравдугаар сарын 13 хүртэл мөрдөх бөгөөд хувийн уулзалтад оролцох хүмүүсийн тоог зургаагаар хязгаарласан хэвээр байх юм.
Эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтнүүд энэ сарын эцсээр өдөрт 170 мянган шинэ тохиолдол илэрч болзошгүйг анхааруулаад байгаа юм. Мөн төрийн өмчит нэгэн судалгааны байгууллагын тооцоогоор ирэх сарын дунд үеэр халдварын одоогийн давлагаа оргил үедээ хүрч, өдөрт 270 мянган хүнээс халдвар илэрч болзошгүй байна.
Өнөөдрийн байдлаар, БНСУ-ын 52 сая хүн амын 30.07 сая нь буюу 58.6 хувь нь вакцины нэмэлт тунд хамрагдаад байна. Мөн 44.27 сая хүн вакцинд бүрэн хамрагдаад байгаа нь хүн амын 86.3 хувьтай тэнцэж байгааг Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвийн мэдээлэл харуулж байна.
Сүүлийн 24 цагийн хугацаанд дотоодод халдварласан тохиолдлуудын 25 626 нь Сөүл хотод бүртгэгдсэнээр нийслэлд илэрсэн халдварын тохиолдлын тоо анх удаа 20 мянга давжээ. Мөн тус хоттой зэргэлдээ оршдог Гёнги мужид 36 507 тохиолдол, баруун нутгийн Инчеон хотод 7342 тохиолдол тус тус илэрчээ. Мөн хугацаанд хилийн чанадаас 116 тохиолдол зөөвөрлөгдөн ирснээр нийт тохиолдлын тоо 27 864-т хүрсэн байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.